БНХАУ Сарны өмнөд туйлд судалгааны станц барихаар төлөвлөж байна.

БНХАУ Сарны өмнөд туйлд судалгааны станц барихаар төлөвлөж байна.

БНХАУ Сарыг судлах хөтөлбөрийнхөө дөрөв дэх үе шатны судалгааны техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасан бөгөөд ирээдүйд Сарны өмнөд туйл дээр олон улсын судалгааны станц барихаар төлөвлөж байна гэж тус улсын Сар судлалын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн У Вэйрэнь мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, Сарны судалгааны хөтөлбөрийн дөрөвдүгээр үе шатанд гурван даалгаврыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд “Chang'e-6” аппаратаар өмнөд туйлаас дээж авчрах, “Chang'e-7” аппаратаар өмнөд туйлын нөөцийг нарийвчлан судлах, “Chang'e-8” аппаратаар сарны судалгааны станцыг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гол технологиудыг турших зэрэг багтаж байгаа ажээ.

Өнгөрсөн мягмар гарагт БНХАУ, ОХУ Саран дээр олон улсын шинжлэх ухааны судалгааны станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

"Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр орон сансрын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн талаарх туршлага, сансрыг судлах тоног төхөөрөмж, технологио ашиглан олон улсын судалгааны станц байгуулах зураглалыг хамтран гаргаж, төслийн төлөвлөлт, дизайн, хөгжүүлэлт, үйл ажиллагааны талаар нягт хамтран ажиллана" гэж У Вэйрэнь мэдээлжээ.

“Сарны судалгааны станцын төслийг амжилттай хэрэгжүүлбэл БНХАУ Саран дээр сансрын нисгэгчдээ буулгахад улам ойртоно. Хятадын судлаачид, инженерүүд Саран дээр хэрхэн газардах талаар судалж байгаа” гэж тэрбээр нэмж хэлжээ. 
У Вэйрэнийн мэдээлснээр, БНХАУ Сарны өмнөд туйлд газардах боломжийг судлах бөгөөд энэ нь илүү хүндрэлтэй боловч орчин нөхцөл нь илүү сайн юм. Ийнхүү өмнөд туйлд газардсан тохиолдолд станц байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн Хятадын сансрын нисгэгчид Саран дээр богино бус урт хугацаагаар байрлана гэдгийг тэрбээр дурджээ.

Мөн Саран дээр сансрын нисгэгчдээ амжилттай газардуулахад аппарат, сансрын нисгэгчдийн аюулгүй буух нөхцөлийг бүрдүүлэх нь өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.