Мьянмарт болсон эсэргүүцлийн үеэр амиа алдсан хүний тоо нэмэгджээ.
Мьянмарт болсон цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг таслан зогсоох үеэр амиа алдсан хүний тоо 138 болж нэмэгджээ.
Үүнээс 50 гаруй нь өнгөрсөн амралтын өдрүүдэд амиа алдсан хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэв.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, хоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл тайван жагсаал цуглаанд оролцсон 138 хүн амиа алдсаны дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Ням гарагт Янгон хотод 38 хүн амиа алдсан бол бямба гарагт 18 хүн амиа алджээ.
“Мьянмарт тайван жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг хүчирхийлэл үйлдэх, хүний эрх зөрчигдөж буйг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэмлэн буруушааж байна” хэмээн Дюжаррик мөн мэдэгдсэн байна.
Мьянмарын цэргүүд хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онцгой байдлын дэглэм зарлаж, удирдлагын халаа сэлгээ хийх тухайгаа мэдэгдсэн юм. Үүнийгээ армийн төлөөлөгчид тайлбарлахдаа, өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуулийн үеэр эрх баригчид маш том луйвар үйлдсэн гэжээ. Тийнхүү цэргүүд шинээр сайд нарын танхимыг эмхлэн байгуулсан байна. Оршин суугчид хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цэргүүдийг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.