БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалжээ
АНУ БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, хоёр орны хооронд сөргөлдөөн үүсэхээс зайлсхийх хэрэгтэй гэж БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн асуудал хариуцсан комиссын дарга Ян Жиэчи мэдэгджээ.
Ян Жиэчи АНУ-ын Аляска муж улсын Анкориж хотноо болж буй өндөр түвшний стратегийн яриа хэлэлцээний үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Энэхүү уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар оролцож байгаа юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Сар шинийн баярын өмнөх өдөр утсаар тун амжилттай хэлэлцээ хийснийг Ян Жиэчи уулзалтын үеэр дурдаад, хоёр орны удирдагчид харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхээр тохиролцсоныг цохон тэмдэглэжээ.
БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-ын талын урилгаар өндөр түвшний стратегийн яриа хэлэлцээнд оролцож буй нь хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар хэлэлцэн хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чухал алхам болж буйг Ян Жиэчи онцлон хэлжээ. Мөн БНХАУ, АНУ-ын ард түмэн төдийгүй дэлхий нийт энэхүү хэлэлцээнээс бодит үр дүнг хүлээж буйг тэрбээр нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.