Франц, Их Британийн Ерөнхий сайд нар “AstraZeneca”-гийн вакцин хийлгэв
Франц, Их Британийн Ерөнхий сайд нар “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг баасан гарагт хийлгэлээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын Ерөнхий сайд Жан Кастекс нар Европын Эмийн агентлаг “Oxford-AstraZeneca”-гийн вакциныг “аюулгүй, үр дүнтэй” гэдгийг пүрэв гарагт мэдээлсний дараа уг вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
“AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн цөөн тооны хүнд цусны бүлэгнэл үүссэнтэй холбогдуулан Франц тэргүүтэй Европын Холбооны хэд хэдэн орон уг вакциныг хэрэглэхээ түр хугацаагаар зогсоогоод байсан билээ. Б.Жонсон баасан гаргийн орой вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа дархлаажуулалтад хамрагдахыг олон нийтэд уриалаад, вакцин хийлгэх боломжийг бүрдүүлсэн эрдэмтэн судлаачид, Үндэсний эрүүл мэндийн газрын ажилтнууд, сайн дурынханд талархал илэрхийлсэн байна.
Мөн Францын Ерөнхий сайд Ж.Кастекс олон нийтийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд “AstraZeneca”-гийн вакцины эхний тунг хийлгэж, уг үйл явдлыг Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулан үзүүлжээ. Францад уг вакциныг 55-аас дээш насныханд тарихыг зөвшөөрөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.