Японд онцгой байдлын дэглэмийг цуцална
Японы Засгийн газар “COVID-19” халдварын улмаас Токиогийн бүсэд тогтоосон онцгой байдлын дэглэмийг товлосны дагуу энэ долоо хоногийн ням гарагт цуцлахаар шийдвэрлэлээ. Токиогийн бүсэд энэ оны нэгдүгээр сараас онцгой байдал зарлаж, хожим нь хоёр удаа сунгасан юм.
“Токио хот болон зэргэлдээх гурван мужид нэгдүгээр сарын 7-нд халдварын 4277 тохиолдол илэрч байсан бол лхагва гарагт 725 болж буурлаа. Энэ нь 80 хувиар буурсан үзүүлэлт юм. Бид эмнэлгийн ачаалал тэргүүтэй үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний дүнд онцгой байдлыг цуцлах шалгуурыг хангасан хэмээн дүгнэлээ” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгджээ.
“Засгийн газар иргэдийг халдвар авах, хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтыг үргэлжлүүлж, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ” гэж С.Ёшихидэ мэдээлжээ. Онцгой байдлыг цуцалснаар Засгийн газар цар тахалтай тэмцэх үндсэн бодлогоо өөрчилнө. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын сацуу халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэхээс сэргийлэх юм.
Мөн коронавирусний хувилбаруудыг хянах ажиллагааг орон даяар эрчимжүүлж, одоогоор шинэ тохиолдлуудын 5-10 хувьд нь хувьссан вирусний шинжилгээ хийж байгаа бол цаашид уг үзүүлэлтийг 40 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буй эсэхийг хянахын тулд өндөр настны асрамжийн газрууд, энтертайнмент дүүргүүдэд өргөн хүрээг хамарсан шинжилгээг хийх ажээ. Мөн олон нийтээс онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг үргэлжлүүлэн хүснэ.
Мужийн захирагчдын хувьд халдварын үзүүлэлтүүдийг анхааралтай ажиглаж, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад ажиллах цагаа багасгах хүсэлт тавих ажээ. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үзэгчдийн тоонд тавих хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулна.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, онцгой байдлын дэглэм тогтоосон нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Гэвч зарим шинжээч шинэ тохиолдлын бууралт зогсоод буйд, мөн зарим бүсэд аажмаар өсөж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Мөн Токио дахь халдварын нөхцөл байдлыг хянаж буй мэргэжилтнүүд коронавирусний хувилбаруудын улмаас халдварын шинэ давлагаа үүсэж болзошгүйг анхааруулж байгаа ажээ. Японд улсын хэмжээнд пүрэв гарагт халдварын 1500 орчим тохиолдол шинээр илэрсний тэн хагас орчим нь Токиогийн бүсэд бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.