БНАСАУ-д спортын томоохон тэмцээн зохион байгуулна
БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ирэх сард спортын томоохон тэмцээн зохион байгуулна гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв.
БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жөн Уны өвөөгийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Пёньян хотноо дөрөвдүгээр сарын 5-15-ны хооронд зохион байгуулах тэмцээнд тамирчид, оюутнууд, ажилтнуудын төлөөлөл оролцох ажээ.
Нарны өдөр хэмээн нэрлэдэг энэхүү баярын үеэр БНАСАУ цэргийн томоохон парад, спорт, соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Удахгүй болох спортын тэмцээний хувьд 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж байсан боловч 2019, 2020 онд явуулаагүй байсан юм.
Ажиглагчдын үзэж буйгаар, БНАСАУ үүсгэн байгуулагчийнхаа мэндэлсэн өдрийг тохиолдуулан коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдээ сулруулахаар төлөвлөж байж магадгүй байна. Хязгаарлалтын арга хэмжээнүүд нь хэдийн эмзэг байсан эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлжээ.
БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдсээр ирсэн хэдий ч халдвар тархахаас урьдчилсан сэргийлэх үүднээс хилийн хатуу хяналт тогтоож, олон нийтийн цуглааныг хориглож, хөл хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.