Халдвар авсан 1146 хүний 501 нь "Шинчонжи" сүмийн ИТГЭГЧИД байжээ

Халдвар авсан 1146 хүний 501 нь "Шинчонжи" сүмийн ИТГЭГЧИД байжээ

БНСУ-д өнгөрсөн шөнийн байдлаар халдвартай хүний тоо 169-өөр нэмэгдэж, нийтдээ 1146 хүн шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байна. Нас барсан иргэдийн тоо 11 болж, эдгэрсэн иргэдийн тоо 22 хэвээр байна.

Шинээр халдварласан 169 хүнийг харьяаллыг тодруулбал, Дэгүд 134, Гёнгбукт 19, Бусанд 8, Сөүлд 4, Гёнгнамд 2, Инчёнд 1, Гёнггид 1 хүн тус тус бүртгэгдээд байна.

Халдвартай нь тогтоогдсон өвчтөнүүдээс гадна нийт 44981 хүн шинжилгээ өгсөн бөгөөд эдгээрийн 28247 нь халдваргүй буюу сөрөг гэж гарчээ. Харин 16734 иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна. 

БНСУ дахь коронавирусын голомт гэж нэрлэгдээд байгаа "Шинчонжи" (Шинэ газар, тэнгэр буюу Шинэ ертөнц) сүм өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд хүртэл БНХАУ-ын Ухань хотод үйл ажиллагаа явуулж байсан гэж South China Morning Post мэдээлжээ.

Ухань хот дахь "Шинчонжи" сүмд 200 орчим итгэгч байсан ба тэд арванхоёрдугаар сарын сүүлээр буюу коронавирусын халдвар тархах үеэр үйл ажиллагаагаа зогсоож, Ухань хотоос өөр бүсэд шашны ажиллагаагаа явуулж байгаа гэсэн байна. Хятадад Шинчонжи итгэгч нийт 20 мянга орчим байдаг ба тэд Бээжин, Шанхай, Дарэнь, Сонян зэрэг том хотуудад амьдардаг ажээ.

"Шинчонжи" сүмийн нэгэн нэрээ нууцалсан итгэгч эмэгтэй "Коронавирусын тухай мэдээллийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үеэс сонссон боловч тухайн үед хэн ч тоогоогүй. Арванхоёрдугаар сард бүх үйл ажиллагаагаа хааж, нутагтаа ирсэн" гэжээ.

БНСУ-д коронавирус их хэмжээгээр тархсан газар нутгийн хувьд Дэгү хот, Гёнгбук муж болоод байна. 

Дэгү хотын "Шинчонжи" сүмийн итгэгч нарыг хамгийн их халдвар тараасан гэж үзэж байна. Учир нь коронавирусын халдвартай нь батлагдсан нийт 1146 өвчтөний 80 гаруй хувь нь энэ хотоос буюу Дэгүгээс 677, Гёнгбукаас 267 хүн халдвартай нь тогтоогдоод байгаа юм. Халдвар авсан нь тогтоогдсон 1146 хүний 501 нь "Шинчонжи" сүмийн итгэгч нар байжээ. 

БНСУ-д ганцаардлын өвчтэй хүмүүс маш олон байдаг ба хөл хориотой холбоотойгоор гадагшаа гарч, нийгмийн үйл ажиллагаанд оролцож чадахгүйн улмаас өвчин нь сэдэрч байгаа хүмүүс олон байгааг мэдээлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.