БНСУ-ын Ерөнхийлөгч халдварын голомтод очлоо
БНСУ-д өнөөдөр өглөөний байдлаар коронавирусийн тохиолдол 169-р нэмэгдэж, 1,146 хүн халдварлаж, 11 өвчтөн нас барсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мягмар гарагт Ковид-19 коронавирусийн халдварын голомт гэж үзээд буй Тэгу хотод өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцжээ. Тэрээр хотын ард иргэдийг дэмжиж буйгаа илэрхийлэн урам зориг өгсөн байна.
Тэгу хотын захиргааны байранд эрх баригчидтай уулзаж вирусийн тархалтыг намжаах арга хэмжээ авахад хэрхэн туслах талаар Ерөнхийлөгч ярилцжээ. Нөгөө талаар коронавирусийн тархалт нь орон нутгийн эдийн засагт хүнд цохилт болж байгаа юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хэлснээр энэ долоо хоногт багтаж халдварын тархалтыг зогсоохоор хичээн ажиллаж байна.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүн улс төрийн нам хүчнүүдтэй энэ баасан гарагт уулзаж халдварт өвчнийг хэрхэн даван туулах, түүнээс үүдэх эдийн засгийн болоод бусад гарз хохирлыг барагдуулах талаар уулзахаар төлөвлөжээ.
Тус улсад вирусийн халдвар хурдацтай тархаж буйн дээр олон улсын нислэгийн Korean Air компанийн онгоцны үйлчлэгчээс коронавирусийн халдвар илэрсэн тул дэлхийн хэдэн арван улс орон Өмнөд Солонгосоос ирж буй нислэгүүдэд хориг, хязгаарлалт тавиад байгаа юм. АНУ, Франц, Тайваний эрх баригчид иргэдээ БНСУ руу зорчихгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: Korea Times, Yonhap News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.