БНХАУ Хонгконгийн сонгуулийн тогтолцоонд шинэчлэлт хийхээр боллоо

БНХАУ Хонгконгийн сонгуулийн тогтолцоонд шинэчлэлт хийхээр боллоо

БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн 13 дугаар их хурлын байнгын хорооны 27 дугаар чуулганаар Хонгконгийн үндсэн хуулийн 1, 2-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжин баталж БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр болгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Хятадын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн ерөнхий захирагчийг сонгох хэлбэр, хууль тогтоох зөвлөлийг бүрдүүлэх, түүний санал өгөх үйл явцийг тус тус шинэчлэхээр болж байна.

Сонгуулийн тогтолцоонд шинэчлэлт хийж байгаа зорилго нь эрх барих түвшинд зөвхөн “эх оронч” зүтгэлтэн өрсөлдөх боломжийг хангахад чиглэсэн аж. Хятадын төрийн хэвлэлд мэдээлснээр Хонгконгийн сонгуулийн тогтолцоо шинэчлэгдсэнээр Бээжинг эсэргүүцдэг улс төрчийг Хонгконгийн хууль тогтоох байгууллагад оруулахгүй байхад хялбар болох юм. Өөрөөр хэлбэл энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Хонгконгд тавих Хятадын засгийн газрын хяналт улам чангарна. Хонгконгийн хууль тогтоох байгууллагын гишүүн болох хүнийг эх газрын Хятадад үнэнч байх эсэхийг нь нэн тэргүүнд шалгадаг болох юм байна.

Үүнээс өмнө Хонгконгийн ерөнхий захирагчийг Бээжинг дэмждэг хороо шууд сонгодог байхаар өөрчилсөн юм. Мөн 2020 онд Бээжин Үндэсний аюулгүй байдлын хууль батлаж хэрэгжүүлж байгаа юм. энэ нь Хонгконгийн хууль зүйн бие даасан байдлыг бууруулж, Бээжинг эсэргүүцэгчдийг шийтгэхэд илүү хялбар болгосон гэж олон улс шүүмжилдэг.

Энэ удаад ч мөн шүүмжлэгчид энэ нэмэлт өөрчлөлт Хонгконгийн парламентаас бүх сөрөг хүчнийг арилгана гэсэн үг, ингэснээр Хонгконгийн ардчилал дуусгавар болно гэж үзэж байна. Мөн ирээдүйд Хонгконгийн хууль тогтоох байгууллагад нэр дэвшигчдийг бүгдийг нарийн шалгуураар шалгаж, ардчилсан зарчимаар сонгогдсон хууль тогтоогчдын нөлөөг сулруулна гэж шинжээчид үзэж байгаа юм. Мөн Америк, Австрали зэрэг орнууд Хонгконгийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлтийг Ардчилсан институцийг сулруулна, ардчилалд хортой гэсэн болгоомжлох өнцөгөөс байр сууриа илэрхийлж байгаа.

Үүнээс гадна сонгуулийн тогтолцооны энэ өөрчлөлт Хонгконг 1997 онд Эх газрын Хятадын харьяанд шилжих үед Хятад Британийн хооронд байгуулсан гэрээгээр тохирсон Хонконгийн үндсэн хуулийг өөрчлөх вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ Бээжинг дэмжигч Хонконгчууд энэ өөрчлөлт Хонгконгийн ардчилал, эрх чөлөөнд нөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.