БНХАУ 80 улс оронд вакцины тусламж үзүүлжээ
БНХАУ 80 улс орон, гурван олон улсын байгууллагад вакцины тусламж үзүүлж, 40 гаруй улс руу вакцин экспортолж, вакцины судалгаа, үйлдвэрлэлийн талаар 10 гаруй оронтой хамтран ажиллаж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баян чинээлэг, ядуу буурай орнуудын коронавирусний вакцины хүртээмжийн ялгаа улам ихсэж буйг даваа гарагт анхааруулсны дараа Хуа Чуньин ийнхүү мэдэгдсэн байна.
Статистик мэдээллээс үзвэл, дэлхийн нийт хүн амын 16 хувь нь амьдардаг чинээлэг орнууд одоогийн байдлаар коронавирусний нийт вакцины 60 хувийг эзэмшиж байна. Мөн хэд хэдэн хөгжингүй орон хүн амынхаа тооноос хоёр, гурав дахин их хэмжээний тун вакциныг захиалаад байгаа бол ядуу буурай, хөгжиж буй орнууд Өрнөдийн вакцинуудыг авч чадахгүй байна гэж тэрбээр мэдээлжээ.
"Вакцин нь коронавирустэй тэмцэх хүчтэй зэвсэг, хүмүүсийн амь насыг аврах итгэл найдвар болоод буй энэ цаг үед үүнийг дэлхий нийтийн төлөө, бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй" гэдгийг тэрбээр хэлсэн байна.
Мөн БНХАУ “COVAX” хөтөлбөрт нэгдэж, хөгжиж буй орнуудын нэн шаардлагатай хэрэгцээг хангахын тулд 10 сая тун вакциныг нийлүүлэх үүрэг амлалт өгснийг онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна дэлхий даяар үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад вакцин хандивлахыг хүссэн НҮБ-ын уриалгад БНХАУ хариу өгснийг сануулан дурдаад, цаашид Олон улсын олимпын хороотой хамтран ажиллаж, Олимпын наадамд оролцохоор бэлтгэж буй тамирчдыг вакцинаар хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Манай улс вакцины асуудалд үндсэрхэг үзэл гаргахыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шаардлагатай орнуудад, тэр дундаа хөгжиж буй орнуудыг вакцинаар хангахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргахыг дэлхийн бүх оронд уриалж байна” гэж Хуа Чуньин нэмж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.