Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй байхаар ШИЙДЛЭЭ,
БНАСАУ энэ оны зун болох Токиогийн олимпын их наадам оролцохгүй гэж БНСУ-ын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тамирчдаа коронавирусний халдвараас хамгаалах үүднээс БНАСАУ-ын Үндэсний Олимпын хороо ийм шийдвэрийг гуравдугаар сарын 25-нд гаргасан байна.
Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, цахим хэлбэрээр болсон БНАСАУ-ын Үндэсний Олимпын хорооны хуралдаанд оролцогчид спортын арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. БНАСАУ-ын Үндэсний Олимпын хорооны дарга, Спортын сайд Ким Ир Гүк болон бусад оролцогчид олон улсын спортын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
Одоогоор Хойд Солонгосын 16 тамирчин 8 төрөлд Токиогийн олимпод оролцох эрхээ аваад байгаа.
Токиогийн олимпын наадам эхлэх хүртэл 109 хоног үлдсэн энэ үед Японы эрх баригчид коронавирусний хувьсан өөрчлөгдсөн хувилбаруудаас үүдэлтэй цар тахлын дөрөв дэх давлагаа дэлхийн улс орнуудад эхэлж буйд санаа зовниж байна. Коронавирусний хувилбарууд илүү халдвартай, вакцинд тэсвэртэй болох нь тогтоогдоод байна. Британийн гэгдэж буй коронавирусний хувилбар Осака хотод бүртгэгдэж, өнгөрсөн даваа гарагаас эхлэн нэг сарын хугацаанд зарим хязгаарлалтын арга хэмжээг аваад байгаа юм. Осака хот олимпын бамбарын буухиаг тус хотын нутаг дэвсгэрт явуулахыг мөн цуцалсан билээ.
Даваа гарагт Токиод халдварын 249 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Осака хотод бямба гарагт 666, даваа гарагт 341 шинэ тохиолдол батлагдсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.