БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны туршилтын загварыг танилцууллаа.
Өмнөд Солонгос улс дотооддоо үйлдвэрлэсэн дуунаас хурдан, тийрэлтэт, сөнөөгч онгоцны туршилтын загварыг өчигдөр танилцуулжээ. KF-21 загварын сөнөөгч онгоц нь дуунаас 1.8 дахин хурдан, радарын хамгийн сүүлийн үеийн системтэй юм байна. Ингэснээр Өмнөд Солонгос нь дотооддоо сөнөөгч онгоц үйлдвэрлэсэн дэлхийн 13 дахь улс болж байгаа юм байна.
Тус улс Индонез улстай хамтран, 7.9 тэрбум долларын өртгөөр KF-21 загварын сөнөөгч онгоц үйлдвэрлэжээ. Уг сөнөөгч онгоцонд Өмнөд Солонгосын технологийг голлон ашигласан байна. Уг сөнөөгч нь агаарын бай болон гадаргын байг устгах пуужингаар зэвсэглэх зориулалттай, байлдааны даалгавраас хамаараад нэг эсвэл хоёр хүний суудалтай байх хувилбартай аж. Тус улс уг сөнөөгч онгоцны нислэгийн туршилтыг бүрэн хийж дуусаагүй байгаа ч энэ оны эцэс гэхэд KF-21 загварын сөнөөгч онгоц гурвыг, 2022 оны эхний хагаст нэмж гурвыг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
2028 он гэхэд ийм төрлийн сөнөөгч онгоц 40-ийг, 2032 он гэхэд 120-ийг үйлдвэрлэн гаргах зорилт тавьжээ. Сөнөөгч онгоцны үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр дагаад 100 мянган ажлын байр шинээр бий болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин дотооддоо сөнөөгч онгоц үйлдвэрлэсэн нь Өмнөд Солонгос улсын хувьд бие даасан батлан хамгаалах тогтолцооны шинэ эрин үе эхэллээ гэж дүгнэсэн. Өмнөд Солонгос нь нийт зэвсгийнхээ 65 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж байна. Олон улсын хувьд Өмнөд Солонгос дотооддоо сөнөөгч онгоц үйлдвэрлэснээр тус улсын агаарын хүчний хүчин чадал нэмэгдэж, холбоотон АНУ-аас цэрэг зэвсгийн хамаарлаа бууруулахад том алхам болно гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.