Мьянмарын цэргийн шүүх долоон хүнд цаазын ял ногдуулжээ.
Мьянмарын цэргийн шүүх нэгэн эмэгтэйг аюулаас хамгаалах байгууллагын мэдээлэгч гэж үзэн амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдуулан долоон хүнд цаазын ял ногдуулжээ.
Мьянмарын төв телевизийн мэдээлснээр, эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Янгон хотын Хлаинтаяа дүүрэгт амиа алджээ. Тухайн үед Янгонд дайны байдал тогтоогоод байсан юм.
Уг эмэгтэйг цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн талаарх мэдээллийг аюулаас хамгаалах байгууллагад өгсөн гэж сэжиглэсэн байна. Цэргийнхэн тэдгээр долоон хүний гурвыг эрэн сурвалжилж байгааг төв телевиз мэдээлжээ.
Мөн энэ сарын эхээр цэргийн шүүх зэвсэгт хүчний алба хаагчийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан 19 хүнд цаазын ял ногдуулжээ. Дайны байдал зарласан үед гарсан ноцтой хэргүүдийг цэргийн шүүх шүүдэг бөгөөд давж заалдахыг хориглодог байна.
Цэргийнхэн төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийн жагсаалыг таслан зогсоохын тулд хүч хэрэглэсээр байгаа юм. Мьянмарын хүний эрхийг хамгаалах холбооны мэдээлснээр, хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш мягмар гаргийн байдлаар 714 жагсагч амиа алджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.