Чех ОХУ-ын ЭСЯ-ны 18 ажилтнуудыг нутаг буцаана

Чех ОХУ-ын ЭСЯ-ны 18 ажилтнуудыг нутаг буцаана

ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 18 ажилтан Чехээс 48 цагийн дотор гарах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй тэргүүн дэд шадар сайд, Дотоод хэргийн сайд Ян Гамачек мэдэгджээ.

“Би Чехийн Гадаад хэргийн сайдын хувиар Прага хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны бүх ажилтныг нутаг буцаахаар шийдлээ. Эдгээр ажилтныг манай тусгай албаныхан ОХУ-ын Гадаад тагнуулын алба, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд гэж тогтоосон. Оросын ЭСЯ-ны 18 ажилтан Чех улсаас 48 цагийн дотор гарах ёстой” гэж тэрбээр бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Энэ алхам нь Орос, Чехийн харилцаанд ноцтой цохилт болно хэмээн Ян Гамачек харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч ийм алхам хийхээс өөр аргагүй байсан гэж мэдэгджээ.

Хэвлэлийн бага хуралд мөн Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш оролцсон байна. Тэрбээр 2014 онд Чехийн зүүн нутгийн Злин хотын ойролцоох Врбетица тосгон дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон гэж мэдээлжээ. 

“Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах явцад олж авсан нотлох баримт дээр тулгуурлан Врбетица дахь зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтэд Оросын цэргийн тагнуулын байгууллагын ажилтнууд, тодруулбал 29155 дугаар ангийн офицерууд холбоотой болохыг нотлох үндэслэлтэй сэжиг байгааг мэдэгдэх ёстой. Маш их хэмжээний эд материалын хохирол учирч, олон оршин суугчид ноцтой аюул үүссэн, гэхдээ хамгийн гол нь манай хоёр иргэн амиа алдсан" гэж Бабиш хэлсэн байна.

Тэрбээр тэргүүн дэд шадар сайдын хамт энэ хэргийн талаар Чехийн Ерөнхийлөгч Милош Земанд дэлгэрэнгүй илтгэжээ. “Ерөнхийлөгч биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ хэргийг Чехийн эрх бүхий байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна. Чех бол тусгаар тогтносон улс бөгөөд урьд өмнө гарч байгаагүй энэ явдалд зохих ёсоор хариу арга хэмжээ авах үүрэгтэй" гэж Чехийн Ерөнхий сайд хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.