В.Путиний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 онд 9 сая 994 мянган рублийн орлого олсон байна. Оросын төрийн тэргүүний орлого, зарлага, эд хөрөнгийн талаарх мэдүүлгийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд баасан гарагт нийтэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн орлого 2019 оныхоос 268 мянган рублиэр нэмэгдсэн байна. Тэрбээр 2019 онд 9 сая 726 мянган рублийн орлого олсон гэж мэдүүлж байжээ. В.Путин 2017 онд 18 сая 728 мянга 268 рублийн орлого олж байсан нь хамгийн их хэмжээний орлогод тооцогдсон хэвээр байна. Гэхдээ энэ мөнгөн дүнд 15 акр газар худалдсанаас олсон орлогыг нь оруулжээ.
Хөрөнгийн мэдүүлгээс үзвэл, ОХУ-ын Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгийн тоо өөрчлөгдөөгүй байна. Путиний нэр дээр 77 м.кв болон 153.7 м.кв талбайтай хоёр орон сууц, 18 м.кв талбай бүхий хоёр гарааш бүртгэлтэй байдаг. Тэрбээр мөн "Скиф" чиргүүл болон "Волга" ГАЗ М21, "Нива" гэсэн хоёр ховор автомашинаа эзэмшсэн хэвээр байгаа аж.
2018 онд В.Путиний орлого 8 сая 65 мянга орчим рубль, 2016 онд 8 сая 86 мянган рубль, 2015 онд 8 сая 9 мянга орчим рубль байсан байна. Үүнээс өмнө түүний орлого бага байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2013 онд 3.6 сая, харин 2014 онд 7.6 сая рублийн орлоготой байсан байна. 2014 онд тухайн үед бусад албан тушаалтнаас доогуур байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цалинг нэмэгдүүлсэн нь В.Путиний орлого өсөхөд нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.