ОХУ Чехийн дипломатуудыг албадан гаргахаар шийдвэрлэлээ

ОХУ Чехийн дипломатуудыг албадан гаргахаар шийдвэрлэлээ

ОХУ Чехийн хооронд дипломат маргаан дэгдээд байна. Прага ОХУ-ын 18 дипломатийг хүсэмжит бус этгээд гэж зарлаж нутаг орноосоо албадан гаргахаар шийдвэрлэсэн. Үүний хариуд ОХУ Москва дахь Чехийн Элчин сайдын яамны 20 ажилтныг хүсэмжит бус этгээд хэмээн зарлаж Оросын нутаг дэвсгэрээс гарахыг шаардаад байна.

Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна. Энд Чехийн эрх баригчдын нөхөрсөг бус алхмыг эрс эсэргүүцэн ийм хариу арга хэмжээ авч байгаагаа тайлбарласан байна.

Мөн Чехийн талд Москва дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог Прага дахь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудын тоотой тэнцүүлж цөөрүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш өнгөрсөн бямба гарагт Прага дахь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудыг нутаг буцаахаар шийдвэрлэснийг зарласан. Чехийн тал Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дипломатуудыг Оросын гадаад тагнуулын алба, тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд гэж үзэн ийм шийдвэр гаргасан байна.

Мөн 2014 онд Чехийн Врбетиц хотын зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажлын хүрээнд илрүүлсэн шинэ нөхцөл байдалтай холбоотойг мэдээлсэн. Тодруулбал, Чехийн тусгай албад зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Их Британийн Солсбери хотод Сергей болон Юлия Скрипаль нарыг сэтгэцэд нөлөөлдөг хорт бодисоор хордуулсан гэж сэжиглэж буй Оросын тусгай албадын ажилтнууд гэх Александр Петров, Руслан Бошировд нар холбоотой гэж үзэх үндэслэл гарч ирснийг мэдэгдсэн юм.

Чехийн эрх баригчид ийм мэдээлэл хийсний дараа өдөр Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна ОХУ-ыг эсэргүүцэгчид болон хоёр орны найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэхийг дэмжигчид зэрэг жагсаал цуглаан хийсэн байна. Энэ үеэр ОХУ-ыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.