NASA Ангараг дээр анх удаа нисдэг аппарат хөөргөлөө
АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гараг дээр нисдэг аппарат хөөргөлөө. “Ingenuity” нисдэг тэрэгний Ангараг гараг дээр хөөрч, газардаж буй зургийг “Perseverance” өөрөө явагч аппарат дэлхий рүү дамжуулжээ.
“Бид түүхэнд анх удаа өөр гараг дээр алсын удирдлагатай аппарат нисгэлээ. Энэ нь Нарны аймгийн бусад гараг руу NASA-гийн илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна” гэж “Ingeniuity” төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг ярьсан байна.
40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна. Ийнхүү “Ingenuity” Ангараг гараг дээр ниссэн анхны аппарат болжээ.
Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн байна. Туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан гаргийн хэд хэдэн зургийг авчээ. Бяцхан дрон бүх мэдээллийг “Perseverance”-ийн дамжуулагч төхөөрөмжийг ашиглан дэлхий рүү илгээсэн байна.
80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд Ангараг гаргийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.