БНХАУ Тайванийг тусгаар тогтнохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэв

БНХАУ Тайванийг тусгаар тогтнохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нар өнгөрсөн баасан гарагт уулзсан билээ. Тэд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ Тайванийн хоолойд энхтайван, тогтвортой  байдлыг хадгалахын төлөө байгаа гэдгийг цохон тэмдэглээд, бүс нутагт гарсан аливаа зөрчил мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан байна. Японы Киодо агентлагийн мэдээлж буйгаар, хоёр улсын удирдагчдын хамтарсан мэдэгдэлд сүүлийн 52 жилд анх удаа Тайванийн талаар дурджээ.

Хамгийн сүүлд 1969 онд Японы Ерөнхий сайд Сато Эйсаку, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нарын хэлэлцээний дараа гаргасан баримт бичигт Тайванийн талаар дурдаж байжээ. Хоёр улсын удирдагчид мөн Хонконг болон Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна, тэд хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай гэрээний тавдугаар заалт нь Хятад Улс өөрийн газар нутаг гэж нэхэмжилдэг Сенкаку аралд хамааралтай болохыг нотолсон байна.

Байден, Сүга нар мөн "Зүүн Хятадын тэнгисийн статусыг өөрчлөхөд чиглэсэн нэг талын аливаа үйл ажиллагааг" эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хууль бус үйл ажиллагаа, нэхэмжлэлийг дахин эсэргүүцэв. Хоёр улсын удирдагчид Өмнөд Хятадын тэнгист үүссэн нөхцөл байдлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, далай тэнгист чөлөөтэй зорчих байдлыг одоо хэрэгжиж буй НҮБ-ын Конвенцын хүрээнд баталгаажуулах ёстой гэж үзэж байна. Байден, Сүга нар мэдэгдэлдээ мөн БНАСАУ-ыг урьдын адил цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө байгаа гэдгээ илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг тус улсад уриалжээ. Хоёр улсын удирдагчид Мьянмарын асуудлыг хөндсөн байна. Байден, Сүга нар Мьянмарын цэрэг, цагдаа нар энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байгааг эрс буруутгажээ.

Байден болон Сүга нарын мэдэгдлийн дараа Хятадын Гадаад хэргийн дэд сайд Ле Ючэн  Бээжин Тайванийн арлыг тусгаар тогтнохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр  "Тайвань, Хятад хоёрыг үндэсний хэмжээнд нэгтгэх нь түүхэн үйл явц юм. Үүнийг хэн ч, ямар ч хүчээр зогсоохгүй. Бид Тайванийг  тусгаар тогтнохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн өнгөрсөн баасан гарагт “Ассошиэйтэд Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Хэрэв өнөөгийнх шиг нөхцөл байдал олон жилийн турш үргэлжилвэл Тайвань Хятадтай нэгдэх боломжтой эсэх талаар асуухад Ле "Хятад Улс үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлаа хамгаалж, нэгтгэх үйл явцыг ахиулахын төлөө тууштай байх болно. Бид энхтайвнаар нэгтгэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн” гэжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлынхаа үеэр буюу өнгөрсөн ням гарагт  “Бээжин цар тахлын хяналт, эдийн засгийн сэргэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар Вашингтонтой ямар ч түвшинд хамтран ажиллахад бэлэн. Гэхдээ Вашингтон манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй.  АНУ нь бусад улсын дотоод хэрэгт хүний эрх, ардчилал гэсэн халхавч ашиглан хөндлөнгөөс оролцдог. Харин энэ нь эргээд маш олон асуудал үүсгэж, дэлхий дээрх эмх замбараагүй байдлуудын үндэс суурь болж байна” хэмээжээ. Мөн тэрбээр Тайванийг хэзээ ч давах ёсгүй "улаан шугам" гэж тодорхойлоод Цагаан ордонг энэ шугамыг давахгүй байхыг анхааруулсан байна. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Хятадын Засгийн газар Тайванийн асуудлаар хэзээ ч буулт хийж, байр сууринаасаа ухрахгүй гэдгийг тодотгосон байна. Мөн тэрбээр АНУ-ын өмнөх Засгийн газруудын хил давах гэсэн оролдлого   галаар наадах  гэсэн бодлогыг үргэлжлүүлэхгүй байхыг Вашингтонд уриалжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин пүрэв гарагт “Тайванийн хоолойгоор АНУ-ын байлдааны хөлөг  онгоцууд өнгөрөхийг Бээжин анхааралтай ажигласаар байгаа. Тиймээс БНХАУ цэргийн хүчнээ үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж,  аюул заналхийлэл, өдөөн хатгалгад хэзээд хариу өгөхөд бэлэн байж, үндэсний бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалах болно" гэжээ. Харин Вашингтон энэ талаар “АНУ бүс нутгийн энхтайван, тогтвортой байдлын төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэж байна” хэмээн мэдэгдээд байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний усан онгоц Тайванийн хоолойгоор дайран өнгөрсөн байна. Бээжин Вашингтонд хандан "Нэг Хятад" зарчмыг баримталж, Хятад, Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа, тэр тусмаа Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөхгүй байхыг удаа дараа уриалсаар байгаа юм. Гэсэн хэдий ч Байдены шинэ засаг захиргаа арлыг батлан хамгаалах тал дээр хатуу байр суурьтай байхаа дахин дахин батлан харуулсаар байна. Ерөнхийлөгч Жо Байден ажлаа хүлээн авснаас хэдхэн хоногийн дараа АНУ-ын USS Теодор Рузвельт тэргүүтэй байлдааны гурван хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист нэвтэрсэн нь Трампын засаг захиргааны үед хийсэн нүүдлийн үргэлжлэл гэдгийг ажиглагчид онцолж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.