БНАСАУ-тай цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлд хамтран ажиллана
Вашингтоны засаг захиргааг Пёньянтай цөмийн хэлэлцээгээ аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлэхэд нь хувь нэмрээ оруулахын тулд АНУ-тай хамтран ажиллана гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ өнөөдөр мэдэгджээ.
“БНАСАУ-тай өрнүүлэх цөмийн хэлэлцээгээр “томоохон тохиролцоонд” хүрэхийг чухалчлахгүй ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг эрэлхийлнэ” гэж АНУ баасан гарагт мэдэгдсэн юм.
“БНСУ, АНУ энэ сард товлоод буй төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, ГХ-ийн сайд нарын уулзалтынхаа үеэр БНАСАУ-ыг чиглэсэн бодлогын талаар үргэлжлүүлэн зөвшилцөнө” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ сарын 21-нд уулзаж, БНАСАУ-ын цөмийн асуудлын талаар болон Сөүл-Вашингтоны эвслийг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэх юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын 2019 оны хоёрдугаар сард болсон хоёр дахь дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.