БНХАУ цар тахлын үед Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг уриалав
БНХАУ шинэ төрлийн коронавирусний цар тахалтай бүхий л хүчин чадлаар тэмцэж байгаа Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг даруй цуцлахыг холбогдох улс орнуудад уриалжээ.
Үүнээс өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани дэлхийн хэд хэдэн улсын төрийн тэргүүн нарт хандсан захидалдаа АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ 200 тэрбум ам.долларын хохирол учруулсан бөгөөд эл үр дагавар дэлхий дахинд цар тахалтай тэмцэхэд саад учруулж байна гээд Иран улс АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэн ноцтой хязгаарлалттай нүүр тулж байна гэж онцолжээ.
БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдсэнээр, Ираны Засгийн газар болон ард түмэн цар тахалтай бүхий л хүчин чадлаараа тэмцэж байгаа бөгөөд өдгөө шийдвэрлэх үе шатанд ороод байна. Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг энэ цаг үед үргэлжлүүлэх нь нөхцөл байдлыг хүндрүүлэх тул хүмүүнлэг ёстой харшилж байна. Хориг арга хэмжээ мөн НҮБ болон олон улсын бусад байгууллага Тегеранд тусламж үзүүлэхэд саад учруулж байна. Тиймээс Ираны эдийн засаг, хүн ардын амь насыг аврахыг тулд холбогдох хориг арга хэмжээг цуцлахыг уриалж байна гэж Гэн Шуан онцолжээ.
Бээжин эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн болон шинжээчдээ Иранд илгээсэн бөгөөд цаашид ч шаардлагатай тусламжийг үзүүлсээр байх болно гэж Гэн Шуан мэдэгдээд олон улсын хамтын нийгэмлэгийг Ирантай хамтран ажиллаж, дэлхийн болон бүс нутгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн салбарын аюулгүй байдлыг хангахыг уриалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.