Энэтхэгт халдварын улмаас 175 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нас барсан
Энэтхэгт сүүлийн 14 сарын хугацаанд “COVID-19” халдварын улмаас 175 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нас барсан гэж тус улсын Хэвлэлийн эмэгтэй ажилтнуудын холбоо /NWMI/ мэдээлжээ.
Тус байгууллага “COVID-19” халдварын улмаас нас барсан сэтгүүлч, редактор, нэвтpүүлэгч, зурагчин, фото сэтгүүлчдийн нэрсийг цахим хуудсандаа нийтэлж, эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлжээ. Үүнд ажиллаж байсан, тэтгэвэртээ гарсан хүмүүсийн аль алийг оруулсан боловч тэдний хэд нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан нь тодорхойгүй байна.
“COVID-19” халдварын хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй Энэтхэгт хүчилтөрөгч, эмнэлгийн ор, эм тариа, вакцины ноцтой хомсдол үүсээд байгаа бөгөөд энэ нь халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо орон даяар олноор нэмэгдэхэд нөлөөлөх болжээ.
Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтын эхний үе шатанд галын шугамд ажиллаж буй ажилтнуудыг хамруулсан боловч сэтгүүлчдийг олноор нь хамруулаагүйгээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудаа аюулгүй ажиллах нөхцөлөөр хангаагүй байна.
Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амин чухал мэдээ мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг бэлтгэж буй ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлд идэвхийлэн ажиллах хэрэгтэй байна гэж Хэвлэлийн эмэгтэй ажилтнуудын холбоо мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.