Токио 2020 зуны олимпын наадмыг цуцлахыг шаардсан хөдөлгөөн Японд эрчимжиж байна.
Токио 2020 зуны олимпын наадмыг цуцлахыг шаардсан хөдөлгөөн Японы онлайн ертөнцөд эрчимжиж байна.
Сүүлийн хэдхэн өдрийн дотор "Cancel the Tokyo Olympics to protect our lives" нэртэй уг хөдөлгөөнд 250,000 гаруй хүн нэгджээ.
Коронавирусийн цар тахлын улмаас Токио 2020 зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан ба энэ оны долдугаар сард зохион байгуулахаар дахин товлосон юм. Гэвч Япон улсад коронавирусийн тархалтын эрч сулрахгүй байгаа нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байна.
Өнөөдөр тус улсад цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн ч вакцинжуулалтын явц маш удаан байгаа. Нийслэл Токио хот болон өөр гурван бүс нутагт коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор одоо үйлчилж буй онц байдлын дэглэмийг тавдугаар сарыг дуустал сунгах төлөвлөгөөтэй байгааг өчигдөр Япон улсын эдийн засгийн сайд мэдэгдсэн юм.
Өнгөрсөн сарын сүүлчээс хэрэгжиж эхэлсэн онц байдлын дэглэм уг нь ирэх долоо хоногт дуусах хуваарьтай байгаа. Олимпын бамбарыг Японы бүх мужуудаар буухиалан аялуулах ажиллагаа хэд хэдэн удаа тасалдсан нь мөн вирусийн тархалттай холбоотой байв.
“Олимпын наадмыг цуцалж, зарцуулах хөрөнгө мөнгийг нь коронавирусийн тархалтыг зогсоож, хүмүүсийн амь нас, ахуй амьдралыг хамгаалахад зориулахыг бид шаардаж байна” гэж хөдөлгөөнийг санаачлагч Кэнжи Уцуномия мэдэгджээ
. Тэрбээр Токио хотын захирагчийн сонгуульд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан хуульч хүн юм. Гэвч зохион байгуулагчид нь наадмыг цуцлахгүй гэдгээ дахин дахин мэдэгдэж байгаа. Тэд цар тахлын аюулаас сэргийлэхийн тулд гадаадаас хөгжөөн дэмжигчдийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм. Мөн Японы дотоодын хөгжөөн дэмжигчид уралдаан тэмцээнүүдийг биеэр үзэх боломжгүй болж магадгүй байна. Пүрэв гарагт АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд Токио 2020 наадмын оролцогч тамирчдыг дархлаажуулахад зориулж вакцин хандивлахаар болсноо мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.