Ё.Баатарбилэг: Монгол - Японы эмнэлгийг хувьчлахгүй

Ё.Баатарбилэг: Монгол - Японы эмнэлгийг хувьчлахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.  


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Засгийн газрын хурлаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол - Японы эмнэлэгийн асуудал яригдлаа. Тус эмнэлгийг байгуулах тоног төхөөрөмж, санхүүжилт, техникийн асуудлыг багцаар нь шийдсэн. Хэвлэл мэдээллээр энэ эмнэлгийг сүүлийн үед хувьчлах гэж байна гэх зэргээр мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжүүлж байгаа. Тодорхой ажлын хэсгүүдийг гаргаж, тухайн эмнэлэг дээр ажиллана. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Эмнэлэгт дутагталтай байгаа тоног төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамнаас шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилгоо, дуран, лаборатори, уламжлалт гэсэн тасаг ажиллаж байгаа. Цаашид эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авахад Дэлхийн банкнаас 14 тэрбум төгрөгийг шийдэж байгаа. Эмнэлгийн үйл ажиллагаанд цаашид хүндрэл гарахгүй.

Улсын Онцгой комиссоос манай яаманд хандаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах асуудлаар санал ирсэн. Саналыг ЭМЯ-нд өнөөдөр хүргүүлж байна. Цаашид коронавирусний халдвар улс оронд ямар байгаа, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар эрүүл мэндийн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандсан. ЭМЯ-ны саналыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэхийг шийднэ. Тав дахь өдөр саналыг УОК-д оруулна.

Коронавирус өвчний халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбоотойгоор сургуулийн хичээлийг оруулахгүй байх саналыг эцэг эхчүүдээс ирүүлж байгаа. Нөгөө талдаа хичээлийг оруулах хэрэгтэй гэсэн саналтай хүмүүс ч байна.

Мөн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэг шийдвэр гарч байгаа. Арванхоёрдугаар ангийг энэ жил төгсөх хүүхдүүдэд ЭЕШ-ын зөвлөмж, билет хичээлүүдийг CD дээр хуулж тарааж өгөхөөр төлөвлөж байна. Энэ жил 28 мянган хүүхэд ЕБС-иа төгсөнө. Хүүхэд бүрт зөвлөмж, билет хичээлүүдийг хүргэнэ " гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.