Беларусийн дээгүүр нислэг үйлдэхийг хориглохыг шаардав.

Беларусийн дээгүүр нислэг үйлдэхийг хориглохыг шаардав.

Ирландын агаарын тээврийн “Ryanair” компанийн нисэх онгоцыг Минск хотод яаралтай газардуулсан үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Конгрессын Сенатын танхимын олон улсын хэрэг эрхлэх хорооны дарга Боб Менендес Европын хууль тогтоогчидтой хамтарсан мэдэгдэл гаргаж, Беларусийн дээгүүр үйлдэх бүх нислэгийг хориглохыг шаарджээ. 

Их Британи, Герман, Ирланд, Латви, Литва, Польш, Чехийн парламентын гадаад харилцааны асуудал хариуцсан улс төрчидтэй хамтран гаргасан уг мэдэгдэлд мөн Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад (ICAO) хандан болсон үйл явдлыг нэн даруй шалгахыг уриалсан байна. 

АНУ болон Европын хууль тогтоогчид Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх, тус улсыг зорих, тус улсаас ирэх нислэгүүдийг хориглож, ICAO дахь Беларусийн гишүүнчлэлийг зогсоохыг уриалсан байна. Түүнчлэн Минск хотноо газардсан онгоцноос баривчилсан Роман Протасевич болон улс төрийн бусад хоригдлыг "нэн даруй", "урьдчилсан болзол тавилгүй" суллахыг шаарджээ.

Тавдугаар сарын 23-ны ням гарагт Беларусийн нийслэл Минск хотын нисэх буудалд “Ryanair” компанийн нисэх онгоц ослын буулт хийсэн бөгөөд тухайн үед нисэх онгоцонд бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу онгоц Беларусийн нийслэл рүү эргэж, газардсан байна. "Бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл худал байсан бөгөөд харин онгоцонд зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг баривчилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.