Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 23 насаар дүү сүйт бүсгүйтэйгээ ирэх онд гэрлэнэ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Саймондстойгоо 2022 оны долоодугаар сард гэрлэнэ гэж “Sun” сонин мэдээлжээ.
Тэд 2019 оны сүүлээр сүй тавьсан ч олон хосын нэгэн адил коронавирусний цар тахлын улмаас хуримаа хойшлуулаад байгаа юм. Хэдийгээр Б.Жонсон гурав дахь удаагаа гэрлэх гэж буй нь энэ боловч К.Саймондсын хувьд анхны гэрлэлт юм.
Хосын хуримын ёслол хаана болох нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Бакингемшир гүнлэг дэх Ерөнхий сайдын өргөөнд юм уу Гент гүнлэг дэх “Port Lympne” хүрээлэнд зохион байгуулж магадгүй байгаа ажээ.
Мөн К.Саймондсын хамаатнууд амьдардаг Италид гэрлэж магадгүй гэх мэдээлэл урьд нь гарч байжээ. Харин “Sun” сонинд эх сурвалжийн мэдээлснээр, хурим Бакингемширт болж магадгүй байна. Хосын гэр бүл, найзууддаа илгээсэн урьдчилсан урилгад долоодугаар сарын 30-ны бямба гарагт хэмээн бичсэн хэдий ч болох газрыг дурдаагүй байжээ.
Өдгөө 56 настай Б.Жонсон, 33 настай К.Саймондс нар нь Даунинг-Стритэд 2019 оны долоодугаар сард нүүж ирснээр энэхүү өргөөнд амьдарсан анхны гэрлээгүй хос болсон юм. Тэднийг сүй тавьсан хийгээд К.Саймондс хөл хүнд болсон талаарх мэдээлэл өнгөрсөн оны хоёрдугаар сард гарсан байна.
Б.Жонсон, К.Саймондс нар 2020 оны дөрөвдүгээр сард хүүгээ өлгийдөн авч, түүнд Уилфред Лори Николас Жонсон хэмээх нэр хайрлажээ. Николас нь Ерөнхий сайдыг коронавирусээр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь эмчилж байсан эмч нарын нэр ажээ.
Ерөнхий сайдын туслахуудын хувьд "Sun" сонинд гарсан мэдээллийн талаар тодруулга өгөхөөс татгалзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.