Байден Жорж Флойдын гэр бүлийнхэнтэй уулзана.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цагдаа нарын гарт амиа алдсан африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдын гэр бүлийнхэнтэй энэ сарын 25-нд уулзана гэж Цагаан ордон мэдээлжээ.
Байден Флойдын гэр бүлийг мягмар гарагт Цагаан ордонд хүлээн авч, жилийн өмнө амиа алдсан түүний дурсгалыг хүндэтгэнэ гэж Цагаан ордны мэдээлэлд тэмдэглэсэн байна. АНУ-ын төрийн тэргүүн Флойдын гэр бүлд зориулж нисэх онгоц илгээхээр төлөвлөж байгаа аж.
Жорж Флойдын нас барсны ойн өдөр мөн АНУ-ын цагдаагийн байгууллагад томоохон шинэчлэл хийх тухай батлагдах төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Флойдын гэр бүлийнхэнтэй түүнийг оршуулах ёслолын өмнө 2020 оны зургадугаар сард анх уулзаж байжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Байден талийгаачийн ар гэрийнхэнтэй хэд хэдэн удаа ярьсан байна.
АНУ-ын Миннеаполис хотын иргэн өнгөт арьст Жорж Флойд 2020 оны тавдугаар сарын 25-нд цагаан арьст цагдаа Дерек Шовин түүнийг баривчлах үедээ боох арга хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Флойдыг нас барсны дараа АНУ даяар олныг хамаарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ. Эмх журам тогтоохын тулд Үндэсний гвардын цэргүүдийг дайчилж, Вашингтон, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоож байв. 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тангарагтны шүүх Шовиныг хүн амины хэрэгт буруутай гэж үзсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.