БНСУ, АНУ сансрын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук, АНУ-ын Сансрын командлалын тэргүүн Жеймс Дикинсон нар Сөүл хотноо даваа гарагт уулзаж, сансар болон батлан хамгаалахын бусад талбарт хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцжээ.
Генерал Ж.Дикинсон батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудтай уулзахаар БНСУ-д айлчилж буй бөгөөд түүний айлчлалын хуваарийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Со Ук, Ж.Дикинсон нар уулзалтынхаа үеэр сансрын салбарын хамтын ажиллагаа 2013 оноос эхэлснийг дурдаад, сансрын өсөн нэмэгдэж буй аюул заналыг тогтоон барьж, зохицуулахад үргэлжлүүлэн хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тэмдэглэжээ.
“Талууд сансрын аюулгүй байдлыг хангах, БНСУ-АНУ-ын эвслийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах арга замын талаар хэлэлцлээ” гэж БНСУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлсэн байна. Мөн Ж.Дикинсон БНСУ-ын Штабын дарга нарын хорооны дарга, генерал Вон Ин Чултай уулзаж, байгууллага хоорондын харилцан солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал бодлоо солилцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.