Монголд БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2545 компани байгуулагджээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалтыг Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-аас зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөнд ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Дашдэмбэрэл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Тае Вон, Монгол Улсад оршин суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн захирал Пак Ху Сон болон тус улсаас Монгол Улсад оршин суугаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон тус газрын үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй цахим үйлчилгээнүүд нь Монгол Улсад зорчих гадаадын иргэдэд виз мэдүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж, үйлчилгээ авахад илүү хялбар болж буйг онцлов.
Мөн Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй гадаадын иргэдийн дунд эзлэх БНСУ-ын иргэдийн статистик тоон мэдээлэл болон шинээр олгож эхлэх цахим визийн үйлчилгээ, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор илүү олон жуулчин татах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Үндэсний Хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Дашдэмбэрэл Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, 1990-2020 он хүртэлх сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад сүүлийн 30 жилд БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2545 компани байгуулагдан, нийт 576,4 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаа явуулж буй талаар дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.