Бумбыг ойролцоогоор 10-15 минут тавих нь хангалттай

Бумбыг ойролцоогоор 10-15 минут тавих нь хангалттай

Галтай бумба засал /Fire cupping therapy. Ba Guan Fa/

Бумба эмчилгээ нь зүү эмчилгээтэй адил маш эртний заслын арга юм. Бумба тавих арга техник нь хэнд болон ямар өвчин эмгэгт авч байгаагаас хамаараад маш олон янз байдаг. Бас практикт хэрэглэдэг бумба ч бас олон төрөл зүйл бий. Зүү болон бумба эмчилгээ нь нийт өвчлөлийн талаас илүү хувийг анагаадаг гэж ярьдаг.

Бумба заслын гол зарчим нь бумбаны доторх агаарыг халааж, тэрхүү халсан агаарын хүчээр (~0.2 атмосферийн) биеийн зөөлөн эдийг сорох үйлдэл юм. Энэхүү үйлдлийн хүчээр биеийн эсэргүүцэл маш түргэн сайжирч, autohemotherapy мэт биеийн өөрийгөө анагаах, эрүүлжүүлэх механизмыг идэвхжүүлдэг.

Ингэснээр бумба тавьсан хэсэг газрыг төдийгүй дотор эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг сэргээж, анагаадаг. Үндсэндээ зүү эмчилгээний аргатай адил аргачлалаар бумба тавьж болно. Ж.нь сувгийн дагуу, дотор эрхтэнд бол давсагны Шу сүвүүдэд тухайн эрхтэний бэлчир дээр нэмэх болон хасах аргаар тавьдаг.

Маш олон өвчин эмгэгт хэрэглэдэг.

Олонхийн мэддэгээр нуруун дээр голдуу тавьдаг. Булчин суллах, өвдөлт намдаах, бас ханиад хүрсэн зэрэгт эцэг эхчүүд гэрийн нөхцөлд ашигладаг.

Анхаарч байгууштай хэдэн санамжийг та нартаа сонирхуулъя. Хэрвээ та мэргэжлийн хүн биш бол шүү дээ.

Бумбыг ойролцоогоор 10-15 минут тавих нь хангалттай. Түүнээс илүү удаан тавилаа гээд үр дүн сайтай байна гэж ойлгож болохгүй. Хэт удвал цэврүү үсэрдэг. Бас богино хугацаагаар тавьсан ч амархан цэврүүтэх хүмүүс ч бий.

Бас тавихдаа бумбаны доторх агаарыг халаана. Бумбаны доторх ханыг спиртээр арчиж тавидаг хүмүүс байдаг. Энэ нь маш аюултай. Өвчтөнөө түлэх, гал алдах, өөрийгөө ч түлчих магадлалтай. Тиймээс бэлдсэн чимхүүртэй хөвөнгөө асаагаад түүгээрээ бумбаа халаана. Нэг ёсондоо асаж буй галаа бумбан дотроо хэсэгхэн байлгаад бумбаа зохих хэсэг дээрээ тавихад л болно. Тэрнээс биш бумбаа спиртээр арчиж, түүндээ гал өгч асаах шаардлагагүй. Асаж буй чимхүүртэй хөвөнгөө 1-2 секунд байлгахад л хангалттай халж амждаг. Бумбаа тавихаасаа өмнө гарынхаа шуун дээр ирмэгийг нь хүргэж хэт халсан, эсвэл хүйтэн байгаа эсэхийг нь шалгаж байх хэрэгтэй. Бээрэг хүмүүст цэл хүйтэн бумба хүрэх мэдрэмж мэдээж таатай биш ба харин ч нэмж булчингаа чангалж орхидог.

Ерөнхийдөө хүчтэй, дунд зэрэг, сул байдлаар тавьдаг.

Идэр залуу, эрч хүчтэй хүнд чанга буюу хүчтэй тавьж 15 мин хүртэл байлгаж болно. Харин настай, бие нь суларч доройтсон хүмүүст дунд зэрэг эсвэл сул байдлаар, богино хугацаагаар (5 минутаас илүүгүй) тавьдаг. Зарим тохиолдолд бумбаа тавьж орхилгүй, тавьмагцаа аваад дахин тэр газраа яг тэр байдлаар 7-9 удаа авч тавьдаг ба энэ нь биеийн хамгаалалтын энергийг идэвхжүүлэн сэрээж байгаа хэлбэр ба нэмэх аргад хамаарна. Энэ тохиолдолд бумба амархан халж өвчтөний арьсыг түлэх боломжтой байдаг тул хажуудаа бэлэн 3-4 бумба тавьсан байх хэрэгтэй. Ялангуяа бөөрний бэлчир орчим удаанаар тавих нь хомсдсон өвчинд сайн биш. Хүчтэй байдлаар удаан (15 мин орчим) тавих нь хасах үйлдэл үзүүлдэг. Тиймээс ингэж тавихыг биеийн эрч хүч сайтай, халуун арвидсан голдуу өвчтэй, залуу хүмүүст хийх нь зөв.

Ямар ч байдлаар тавьсан бай, бумбатай хэвтэж байхад нь өвчтөнөө хөнгөн хучлагаар хучих байх хэрэгтэй.

Бумбаа аваад салхи авахуулахгүй байх хэрэгтэй. Учир нь зүү эмчилгээтэй адил биеийн сүвүүд нээгддэг ба дотроосоо гадагш илүүдэл хорт бодис, муу энергийг гаргахаас гадна гаднаас хүйтэн агаар, энерги бие рүү нэвтэрч орох нээлхий мэт болсон байдаг.

Ер нь бол бумба нь зүү болон бусад эмчилгээ заслуудтай эн зэрэгцэхүйц үйлдэл, үр дүн сайтай арга бөгөөд бумба, төөнүүр зэргээр дагнан эмчилгээ засал маш үр дүнтэй хийдэг мэргэжилтнүүд олон байдаг.

Нэмээд хэлэхэд зэс бумба нь үзүүлэх эерэг нөлөө, үр дүнгээрээ хамгийн сайн байдаг. Бас сүүлийн үед пластик, насосоор соруулж татдаг бумба ихээр хэрэглэх болсон ба үйлчлэх нөлөөний хувьд галтай бумбанаас нэг зүйлээр дутмаг байдаг нь халуун агаараар сорж буй биш учир илч нэмэх, дулааны үйлчлэл нь бага байдаг.

Үндсэндээ бумба тавих 12 үндсэн арга байдаг гэгддэг боловч, улс орнууд, урсгал чиглэл зэргээсээ хамаарч маш олон үзэл баримтлал, онол байдаг.

Бумба худалдан авахдаа ирмэг хавийг нь сайтар харж элдэв цав, хурц ирмэг байгаа эсэхийг харж, бас хуруугаар амсарын дотор хэсгийг сайн тэмтэрч үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө шилэн бумба авах бол аль болох зузаан ханатайг сонгох нь зөв.

Бас нэг чухал зүйл бол сэтгэл засалд маш тустай шүү.

Эмчилгээг долоо хоногт дээд тал нь 3 удаа хийж болно. Нэг тавьсан газраасаа зөрүүлж тавих хэрэгтэй. Ором дээр үлдсэн өнгө нь оношлогоонд тустай.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.