Хүүхдүүд технологийн хэрэглээнд донтох нь хэт таргалахад хүргэж болзошгүй

Хүүхдүүд технологийн хэрэглээнд донтох нь хэт таргалахад хүргэж болзошгүй

Хүүхдүүд технологийн хэрэглээнд донтсоноор хөдөлгөөний дутагдалд орж, хэт таргалах эрсдэлтэй байна гэж Туркийн судлаач үзжээ.

“Хүүхдүүд гар утас, таблет, компьютерийн тоглоомд донтож буй нь бие махбодод нь сөргөөр нөлөөлж байна. Тэд компьютер, гар утас, зурагтын өмнө цагаа өнгөрүүлснээр суугаа хэв маягт орж байна” гэж нийгмийн сүлжээний мэргэжилтэн Дениз Унай “Anadolu” агентлагт мэдээлжээ.

Ийнхүү дэлгэцийн өмнө удаан байх нь хэт таргалах эрсдэл учруулж болзошгүйг тэрбээр хэлээд, орчин үед хоёр настай хүүхэд ч таблет, ухаалаг гар утас ашиглах болсныг дурджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2019 онд дэлхийн хэмжээнд 5-аас доош насны 38.2 сая хүүхэд жингийн илүүдэлтэй юм уу хэт тарган байжээ. Энэхүү үзүүлэлт нь 1975-аас 2016 онд ойролцоогоор гурав дахин өссөн байна. 

“Технологийн хэрэглээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүмүүс улам залхуу болж байгаатай холбоотойгоор хэт таргалалтаас зайлсхийхэд улам хүндрэлтэй болж байна. Таргалалт нь эрүүл мэндэд, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой асуудлыг үүсгэж болзошгүй юм” гэж Д.Унай ярьжээ.

Түүний хэлснээр, хүүхдүүдийн хувьд таргалалтаас үүдэн чихрийн шижин үүсэх, элэг өөхлөх, холестерины хэмжээ ихсэх, нойргүйдэх, тэнцвэр алдагдах, мөн бага насандаа нуруу гэх мэт ясны байрлал буруу болох зэрэг эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй байна.

Мөн хүүхдүүд таргалах нь генийн хүчин зүйл, даавар, амьдралын хэв маягтай холбоотой. “Хэрэв хүүхдийн эцэг эх нь илүүдэл жинтэй бол хүүхэд хэт таргалах магадлал 80 орчим хувь байдаг бол эцэг эхийн хэн нэгэн нь илүү жинтэй юм уу хэт тарган бол энэ үзүүлэлт 40 хувь байдаг” гэж тэрбээр ярьжээ.

Түүнчлэн дааврын эмгэгүүд нь таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Гэсэн хэдий ч генийн хувьд таргалах эрсдэл бага байсан ч технологид донтох нь таргалахад нөлөөлнө гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна.

Түргэн хоолыг шагнал урамшуулал болгон идүүлэхгүй байх хэрэгтэй

Мөн Д.Унай хүүхдүүддээ эрүүл бус хоолыг шагнал урамшуулал болгон идүүлэхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулжээ. Түүний хэлснээр, энэ нь түргэн хоол идэх дуршлыг улам нэмэгдүүлдэг байна.

“Хүмүүс зар сурталчилгаанд автан чихэр, нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүдийг сонгож, гэртээ хоол хийхээс илүү идэхэд бэлэн хоол хүнсийг хэрэглэх болоод байна. Энэ нь өдөрт дасгал хөдөлгөөн бага хийдэг хүмүүсийн хувьд ноцтой эрсдэлийг учруулж байна” гэж тэрбээр ярьжээ.

Иймээс таргалахаас сэргийлэхийн тулд хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэж, түргэн хоолноос татгалзаж, хүүхдүүдийн зурагт, компьютерийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй байна. Мөн дасгал хөдөлгөөн хийх цагийг нэмэгдүүлэх, технологийг хэрхэн зохистой ашиглах мэдлэгийг олж авснаар таргалах эрсдэлийг бууруулах боломжтой болохыг судлаач нэмж хэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.