"Шинчонжи" сүмийн тэргүүний зүүсэн БУГУЙН ЦАГ анхаарлын төвд орж ирлээ
Өмнөд Солонгос дахь христийн шашны "Шинчонжи" сүмийг үндэслэгч И Ман Хи өчигдөр /2020.03.02 /Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин тараасанд уучлал эрж, засгийн газартай хамтран тэмцэхээ илэрхийлсэн билээ. "Шинчонжи" сүмийн тэргүүн И Ман Хигийн хэвлэлийн бага хурлын тухай "Жусан илбо" сонинд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
"Пак Гынь Хэ Ерөнхийлөгчийн нэртэй бугуйн цаг" гартаа зүүсэн И Ман Хи... "Хүн сонсголын аппарат"-аас эхлээд "Эрхий хуруугаа гозойлгох" хүртэл
...Өнөөдөр 15.00 цагт Гёнгги мужийн Гапёнд байрлах "Шинчонжи" сүмийн сургалтын төвийн "Энхтайвны ордон"-ы өмнө "Шинчонжи" сүмийн тэргүүн И Ман Хи анх удаа сэтгүүлчдийн өмнө гарч ирэв. Сэтгүүлчидтэй зэрэгцэн 100 гаруй иргэн ирж, бужигнаан үүсгэв. Ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлж, цагдаагийн хамгаалалт хүртэл гаргажээ.
15 цаг 15 минутад "Шинчонжи" сүмийн ажилтан "Шинчонжи сүмийн тэргүүн гарч ирнэ" гэж зарламагц "Энхтайвны ордон"-ы хаалга нээгдэв. Төв хаалганы урд болох хэвлэлийн хуралд оролцоор гарч ирсэн И Ман Хи саарал хүрэм болон шар өнгийн зангиа зүүсэн байв. Бас цагаан маск зүүсэн байлаа. Тэр хоёрдугаар сарын 18-ны өдөр "Шинчонжи" сүмийн итгэгч Өмнөд Солонгосын 31 дэх өвчтөнөөр батлагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа хэвлэлийхний өмнө анх удаа гарч буй нь энэ юм.
Тэр "Үнэхээр уучлаарай" гэж ам нээв. Тэгээд "Та бүхний өмнө юу гэж уучлал гуйж ярихаа ч мэдэхгүй байна. Бүх ард түмнээсээ уучлал гуйж байна" гэлээ. Мөн "Энэ бүхэн Шинчонжигийхний зориудаар хийсэн ажил биш боловч олон ч хүн халдвартай гарлаа. Хамаг байдгаараа хичээж байгаа боловч зогсоож чадахгүй байна" гэв. Тэр мөн "Ард түмнээсээ уучлал гуйж байна" гээд суудлаасаа босо,ж шалан дээр өвдөглөж суугаад, хоёр ч удаа мөргөв.
И Ман Хиг мөргөж байх зуур түүний гартаа зүүсэн бугуйн цаг нь нүдэнд тусав. Бугуйн цаган дээр экс Ерөнхийлөгч Пак Гынь Хэгийн нэрийг бичсэн "Пак Гынь Хэ" гэсэн сийлбэр болон Ерөнхийлөгчийг бэлэгддэг хоёр ширхэг галт шувууны дүрс байлаа. Пак Гынь Хэ Ерөнхийлөгчийн үед гаргасан түүний нэртэй "Ерөнхийлөгчийн дурсгалын цаг" мөн байв. Хөх ордон Ерөнхийлөгчийн арга хэмжээнд уригдсан зочдод бэлэглэхийн тулд металлаар хийлгэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлийн цаг байдаг.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний өдөр хуучин бараа зардаг онлайн сайтад энэ цагийг 490,000 воноор зарахаар тавьж байсан юм.
Мөн энэ үеэр "Шинчонжи" сүм болон И Ман Хиг эсэргүүцсэн жагсаал болж байв. Жагсаалд оролцогчид "Луйварчин И Ман Хи", "Миний охиныг буцааж өг", "Амаа тат" гэж орилцгоож байлаа. И Ман Хиг үг хэлж байх үеэр ч гэсэн "Амьдрал сүйрүүлэгч, гэр бүл сүйрүүлэгч, луйварчин И Ман Хи", "Ард түмний өмнө нүгэл үйлдэгч" гэхчлэн хүмүүс цагаан хоолойгоор бархирч байлаа.
Сонсгол нь муудсан учир хуралд ирсэн сэтгүүлчдийн асуултыг тэр сонсохгүй байлаа. Тиймээс "Шинчонжи" сүмийхээ ажилтнаар дахин дахин чангаар хэлүүлж, дамжуулан сонсох нь сонин үзэгдэл, нэг талаар жүжиглээд ч байгаам шиг харагдав.
Нэгэн сэтгүүлч "Энхтайвны ордон"-доо та хэзээ ирсэн бэ гэж асуухад "Бусдын дээр ажилладаг хүн нэг газар байх боломжгүй. Энд ч байна, тэнд ч явна" гэж хариулав. Гэтэл хажууд нь "сонсголын аппарат"-ын үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэй "Хоёрдугаар сарын 17-ноос хойш хөдлөөгүй, энд байгаа гэж хэлээрэй" гэж түүний чихэнд шивнэсэн нь урд байсан микрофонд сонсогдчихов.
Үүнийг сонссон сэтгүүлчид эсэргүүцэл илэрхийлэхэд И Ман Хи тэргүүн "Дуугүй болцгооё, Дуугүй" гэж дуугаа өнгөрсгөн, зангидсан гараараа ширээгээ хоёр ч удаа цохив. Тэгээд "Бид бүгд насанд хүрсэн хүмүүс. Ингэвэл дэг журамгүй, замбараагүй байдалд хүрнэ" гэж дүрсхийн уурласан дүр үзүүлэв.
"Шинчонжи"-гаас Засгийн газарт өгсөн итгэгчдийн нэрсийн жагсаалтын тухай асууж эхлэхэд хөтлөгч хийж байсан ажилтан нь "И тэргүүн одоо орох ёстой. Бид хариулья" гээд хэвлэлийн хурлыг өндөрлөв.
Сэтгүүлчид асуух асуулт байсан боловч И Ман Хи эрхий хуруугаа гозойлгон, өөрийн ажилтнаа дагаж, "Энхтайвны ордон" руугаа явж орлоо.
Ц.Өнөрзаяа
Күүкминий Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.