Беларусийн тэмцэгч шүүх хурлын үеэр хүзүүгээ үзгээр нэвт хатгажээ.

Беларусийн тэмцэгч шүүх хурлын үеэр хүзүүгээ үзгээр нэвт хатгажээ.

Мягмар гарагт Беларусийн нийслэл Минск хотод болсон шүүх хурлын үеэр засгийн газрын эсрэг тэмцэлд оролцож байсан иргэн үзгээр хүзүүгээ нэвт хатгаж хүнд шархджээ. Шархдсан Степан Латыповыг шүүхийн танхимаас түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна.

Түүнийг эмнэлэгт ухаангүй байгаа тухай Минск дэх Весна хүний эрхийн төв мэдээлжээ. Латыпов нийгмийн дэг журам алдагдуулж, цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн хэргээр өнгөрсөн оны есдүгээр сард баривчлагдсан юм байна.

Хэрвээ буруутайг нь шүүх тогтоовол тэр 10 хүртэл жил шоронд хоригдохоор байгаа юм. Өөрийгөө шархдуулахаас өмнө Латыпов аавтайгаа ярихдаа мөрдөн байцаагчид түүнийг хэргээ хүлээхгүй бол “гэр бүл, төрөл төрөгсдийнх нь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ” хэмээн сүрдүүлснийг хэлсэн гэнэ.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон сонгуулиар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зургаа дахь удаагаа дараалан сонгогдсон нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Сонгуулийн дараа Беларусь даяар иргэдийн тэмцэл тасрахгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл эрх баригчид 35,000 гаруй хүнийг баривчилсан байна. АНУ, Европын Холбоо сонгуулийг луйвардсан, иргэдийн тэмцлийг хүчээр дарсан зэрэг үндэслэлээр Александр Лукашенко болон түүний ойрын хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа билээ.

Хамгийн сүүлд өөрийн нутаг дээгүүр нисэж байсан Ирландын RyanAir компанийн онгоцыг албадан буулгаж, сөрөг хүчний сэтгүүлчийг баривчилсан үйлдлийнх нь төлөө дахин хориг арга хэмжээ авсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.