Япон “COVAX” хөтөлбөрт 800 сая ам.доллар олгоно.
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ коронавирусний вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” олон улсын хөтөлбөрт 800 сая ам.доллар нэмж олгохоо амлалаа.
Тэрбээр Япон улс “Gavi” вакцины холбоотой хамтран лхагва гаргийн орой зохион байгуулсан вакцины асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ. Энэхүү уулзалтад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
С.Ёшихидэ уулзалтын үеэр, “Вакцины асуудалд улс орнууд хөрөнгө чинээ гэх зэрэг бусад хүчин зүйлсээрээ хуваагдаж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй” гэдгийг хэлэв. Түүний мэдээлснээр, “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 120 гаруй улс орон, бүс нутагт 76 сая гаруй тун вакцин нийлүүлжээ.
Цаашид дэлхий дахинд нүүрлээд буй хямралыг даван туулахад эв санаагаараа нэгдмэл байж, илүү их үүрэг амлалт өгөх шаардлагатай байгааг тэрбээр дурдаад, Япон улс вакциныг аль болох олон хүнд аюулгүй, тэгш, үр өгөөжтэй хуваарилахыг бүрэн дэмжиж буйг мэдэгдсэн байна.
Мөн Японы Ерөнхий сайд уулзалтад оролцогчдоос 1.8 тэрбум тун буюу хөгжиж буй улс орон, нутаг дэвсгэр дэх хүн амын 30 хувийг энэ оны эцсээс өмнө вакцинжуулахад хүрэлцэх вакцины нөөцтэй болох зорилгыг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг хүсжээ.
Япон улс нь “COVAX” хөтөлбөрт хэдийнээ 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.