Г.Занданшатарын парламент ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ҮҮ!
-Ардчилсан хувьсгал ялснаас хойш байнгын ажиллагаатай Монгол Улсын парламент зургаан удаа Өршөөлийн тухай хуулийг баталж, гаргасан байдаг-
Парламентаас цаг үеийн нөхцөл байдал, шаардлагатай уяж Өршөөлийн тухай хуулийг санаачилж, баталдаг билээ. Тэрхүү баталж, гаргасан хууль нь ганцхан тэр цаг хугацаандаа л үйлчилдэг.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын толгойлсон өнөөгийн парламент Өршөөлийн тухай хуулийг гаргаж, өршөөл үзүүлэх үү гэх асуулт хариулт хайж эхэлжээ.
Учир нь, өнгөрсөн оны намар УИХ-ын дарга Г.Занданшатар хөнгөн ялтай болон хийсэн гэм нүглээ ухаарсан зарим хүмүүжигч нарт нэг удаа өршөөл үзүүлэх тухай асуудлыг судалж байгаа гэдгийг хэлж байлаа.
Тэрбээр "Ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Тиймээс цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана" хэмээн ярьсан байдаг.
Нөгөө талаараа өнөө жил эрх баригч намын 100 жилийн ой тохиож байгаа билээ. Хоёр ч парламентын сонгуульд ялалт байгуулж, төрийн хувь заяаг шийдэж яваа эрх баригч МАН-ынхан 100 насныхаа ой дээр Өршөөлийн тухай хуулийг санаачилж, батална гэх явган яриа ч бий.
Дээр нь, Өршөөлийн тухай хуулийг баталж, гаргах нийгмийн шаардлага байгаа гэдгийг зарим улстөрч, судлаачид ярих болсон. Тэгээд ч судалгаагаар өршөөлд хамрагдаж, суллагдах боломжтой 700 гаруй хүмүүжигч байгаа гэх тоо гарчээ.
Гэхдээ өршөөлд хамрагдаж болохгүй нөхцөл байдал гэж бий. Үүнд, цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамруулдаггүй. Түүнчлэн авлига албан тушаалын гэмт хэрэгтэн, цагаан захтнуудыг Өршөөлийн хуульд хамруулдаггүй олон орны жишиг ч байдаг.
Хэрэв уншигчид санаж байгаа бол ардчилсан хувьсгал ялснаас хойш байнгын ажиллагаатай Монгол Улсын парламент зургаан удаа Өршөөлийн тухай хуулийг баталж, гаргасан байдаг. Тухайлбал, 2006 онд Өршөөлийн тухай хуулийг баталж 2000 гаруй хүмүүжигчийг сулласан. Дараа нь 2009 онд уг хуулийн дахин санаачилж, баталж байсан бол хамгийн сүүлд 2015 онд Өршөөлийн тухай хуулийг баталж байжээ. Түүнээс хойш Өршөөлийн тухай хуулийг баталж гаргаагүй, тийм ч нийгмийн шаардлага үүсээгүй гэхэд болно.
Харин одоо цагт Өршөөлийн тухай хуулийг санаачилж, батлах нийгмийн шаардлага үүссэн гэдгийг олон хүн хэлж байна. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентыг нэг удаагийн Өршөөлийн тухай хуулийг санаачилж, түүнийгээ хэрэгжүүлнэ гэж харах ч хэсэг, хүлээлт хэдийнэ үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.