У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн мэдээг нэгтгэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссантай холбоотойгоор МАН-аас 23.30 цагт мэдээлэл хийв. Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгууль хуулийн хүрээнд албан ёсоор явагдаж өнөө орой өндөрлөж байна. Сонгоч олон түмэн, ард иргэд сонгуулийн дүн, сонгуулийн бүх мэдээллийг телевизээр бидэнтэй хамт авч байгаа байх.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын сонгуульд оролцох нийт иргэдийн 60 орчим хувь нь оролцсон байна. Энэ 60 орчим хувиас МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар их хариуцлага хэмээн хүлээн авч байгаа. Эхлүүлсэн ажлаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монгол Улсын төр, засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо олон зүйлийг хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг бүрдүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн саналаа өглөө гэж ойлгож байна.
Ард түмнийхээ энэ итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, залуу үедээ сайхан нийгмийг үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн, АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ дарга, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат нартаа мөн чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Мэдээж сонгууль өрсөлдөөнтэй болдог. Бид энэ 14 хоногийн хугацаанд сайхан өрсөлдлөө. Улс орон даяараа явлаа, ажил төрлөө ярилаа, шударга сайхан, ил тод нээлттэй өрсөлдлөө. Энэ удаагийн сонгууль зардал багатай боллоо гэж үзэж байна. Өрсөлдсөн хоёр нөхөртөө дахин амжил хүсч, өндөр амжилт хүсье. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь сайн сайхан бүхнийг, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Энд ирээд буй хэвлэл мэдээллийн төлөөлөгч, та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ баярлалаа. Монголын Монгол Улсын төлөө зүтгэе гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.