Улс төрд шинэ соёл, шинэ жишгийг авч ирж байна.
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.09/ амжилттай болж, зургаа дахь төрийн тэргүүнээр МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх тодорч, ялалт байгууллаа.
Тэрбээр нийт сонгогчдын олонх буюу 818106 иргэний саналыг авсан нь найман удаагийн сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна.
Шинэ Үндсэн хуульд зааснаар найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг зургаан жилээр хашна. Харин бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссаны дараа улиран сонгогдох боломжгүй, дахин нэр дэвших эрхгүй юм.
Тэгвэл тэр ялалт байгуулсан шиг түүнтэй өрсөлдсөн АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ болон "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нар ч ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Энэ нь улс төрд шинэ соёл, шинэ жишгийг авч ирж байна.
Учир нь, парламентын ч бай, Ерөнхийлөгчийн ч бай сонгууль бүрийн дараа ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, өөр хоорондоо нэгнээ хэмэлдэг нь энгийн үзэгдэл болсон билээ. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эсрэгээрээ болж өндөрлөлөө. Товчхондоо их тайван, амгалан сонгууль боллоо.
Үнэхээр ч Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нэг нэгнээ хараар будсангүй, бие биенээ гүтгэж гүжирдсэнгүй, янз бүрийн бичлэг задалсангүй. Сонгуулийн сурталчилгааны 15 хоногт У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар зөвхөн бодлогоор өрсөлдөж, хэн нь хэн бэ гэдгээ иргэд, сонгогчдодоо тайлагналаа.
Хамгийн гол нь, хэн хэн нь ялалт болон ялагдлаа хүлээн зөвшөөрч баяр хүргэлээ. Улс төрд шинэ жишиг, шинэ соёл тогтоосон, сонгуулийг будлиангүй, нэгнээ харлуулахгүй нэр цэвэр өрсөлдөж болдгийг үлгэрлэсэн У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарт нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Харин ялалт байгуулсан У.Хүрэлсүх намаа биш улсаа бодож, ажиллана гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.