Сонгуулийн урьдчилсан дүнг эцсийн байдлаар танилцуулж байна

Сонгуулийн урьдчилсан дүнг эцсийн байдлаар танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд, улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад хоёр сая 41 мянга 985 сонгогч бүртгэгдсэнээс нэг сая 210 мянга 624 сонгогч буюу 59.3 хувь нь саналаа өгчээ.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 822 мянган саналаар илт давуу ялав. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246 мянган сонгогчийн саналаар удаалжээ. Тэгвэл АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72 мянга сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 921  хүн өгчээ.

Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа 7493 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 5618 нь саналаа өгчээ. Гадаад дахь сонгогчдын саналаар “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 4 084 саналаар тэргүүлсэн бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 1 175, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 160 сонгогчийн санал авчээ.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт хэсгүүдийн дүнгээр олонхын санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нөхцөл бүрдэж байна. Хуульд зааснаар, олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ хууль баталж Ерөнхийлөгчөөр батламжлах юм.

Ташрамд дурдахад, УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  зааснаар, сонгуулийн автомат техникийн үр дүнг 100 хувь гар аргаар тоолж баталгаажуулахаар болсон юм. Энэ дагуу сонгуулийн ажиглагчид хэсгийн хороо тус бүрт саналын хуудсыг өчигдөр 22.00 цагаас эхлэн гараар тоолж байна. Түүнчлэн хэсгийн хороодыг камержуулсан бөгөөл хяналтын тооллогыг бүрэн дүрсжүүлж бичих юм байна.

Нэр дэвшигчдийн авсан саналын тоо, хэсгийн хорооны ирцийн дүн мэдээ /Урьдчилсан байдлаар/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.