“Ingenuity” Ангараг дээр ес дэх нислэгээ хийжээ.
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) “Ingenuity” бяцхан нисдэг тэрэг Ангараг гараг дээр ес дэх удаагаа амжилттай нисжээ.
166.4 секундийн турш үргэлжилсэн энэхүү нислэг нь “Ingenuity”-гийн хамгийн урт нислэг болсон байна. Нисдэг тэрэг 600 гаруй метрийн өндөрт секундэд 5 метрийн хурдтай нисжээ. Ингэхдээ гаргийн гадаргуу дээр туссан өөрийн сүүдэр зэрэг хэд хэдэн зураг авсан байна. Энэ удаагийн нислэг “Ingenuity”-гийн "хамгийн хэцүү" нислэг байсан гэж NASA онцлов.
80 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг нисдэг тэргийг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA зургаан дугуйтай “Perseverance”-ийн хүрч чадахгүй газруудыг судлах, мөн гаргийн гадаргуугийн 3D газрын зургийг бүтээхэд “Ingenuity”-г ашиглахаар төлөвлөжээ. NASA-гийн энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Ангараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг хайж, дээж цуглуулах юм.
1.8 кг жинтэй “Ingenuity” нисдэг тэрэг Ангараг дээр анхны нислэгээ дөрөвдүгээр сарын 19-нд хийсэн юм. 39.1 секунд үргэлжилсэн нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.