Сөүлд хүн хоорондын зай барих дөрөвдүгээр түвшинд шилжинэ.
БНСУ-ын эрх баригчид коронавирусний тархалттай холбоотой нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан нийслэл Сөүл хотод хүн хоорондын зай барих журмын хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшнийг дахин хэрэгжүүлэхээр шийджээ.
Энэхүү журам долоодугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ. Өмнөд Солонгосын эрх баригчид нийслэлийн бүсэд тогтоосон хязгаарлалтыг долоодугаар сарын 1-нээс сулруулж, хүн хоорондын зай барих таван шатлалт журмыг дөрвөн шатлалтай болгосон юм. Одоо Сөүлд хоёрдугаар түвшний журам хэрэгжиж байгаа аж. Дөрөв дэх буюу хамгийн дээд түвшид шилжсэн үед оройн зургаан цагаас хойш хоёроос дээш хүн цугларах хориотойгоос гадна, кафе, зоогийн газруудын үйл ажиллагааг дээд зэргээр хязгаарлана. Түүнчлэн олныг хамарсан жагсаал цуглаан хийх хориотой боловч эрх баригчид ганц нэгээрээ эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвшөөрчээ.
“COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо нийслэл хотод 1000-аас, улсын хэмжээнд 2000-аас давсан үед хүн хоорондын зай барих дөрөвдүгээр түвшинд шилжих ёстой байна. Пүрэв гарагт Өмнөд Солонгост коронавирусний халдварын 1275 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.