БНСУ-ын алдартай тамирчин Ким Еон Кун, Хуан Сун Вүү нарыг олимпын тугчаар сонгогджээ
БНСУ-ын олимпын багийн тугчаар волейболын шигшээ багийн ахлагч Ким Еон Кун, усанд сэлэлтийн тамирчин Хуан Сун Вүү нарыг сонгожээ.
Дээрх улсын хамгийн алдартай тамирчдын нэг 33 настай Ким Еон Куны сүүлийн олимп нь энэ байх магадлал өндөр. Тэрбээр олимпын наадмын анхны медалиа хүртэхийг зорьж байна. 2012 онд тус зорилгодоо хамгийн ойр очсон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багт хожигдож байсан юм. Тухайн жил Ким олимпын наадмын онооны дээд амжилтыг ахиулан шинэчилж (207), хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байлаа.
Хуан Сун Вүү гэх 18 настай залуу тамирчны хувьд анх удаа олимпын наадамд оролцох гэж байна. Тэрбээр өврөөр даллах сэлэлтийн 50, 100, 200 метрийн зайд болон 4х200 буухиа уралдаанд оролцоно. Хуан өврөөр даллах сэлэлтийн 200 метрийн зайд залуучуудын дэлхийн дээд амжилтыг ахиулж, 1:44.96 болгоод байгаа юм.
“Токио-2020” олимпын наадамд БНСУ-аас спортын 29 төрөлд, 232 тамирчин оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.