Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Керри нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа бууруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа түргэтгэн гүнзгийрүүлэхийг БНХАУ-д уриалжээ.
Түүний хэлснээр, БНХАУ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа дорвитой бууруулахгүй бол дэлхий дахин агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих нь “ерөнхийдөө боломжгүй” байна.
Ийнхүү Ж.Керри энэ чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахыг БНХАУ-д уриалаад, АНУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлжээ.
Мөн томоохон эдийн засагтай орон бүр 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа дорвитой хэмжээгээр бууруулах үүрэг амлалтаа өгөх нэн шаардлагатай байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Ж.Керри Италид энэ долоо хоногийн сүүлээр болох “Хорийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нарын уулзалтыг угтан Лондон хотноо үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан тэрбээр ирэх 11 дүгээр сард Их Британид болох “COP26” уулзалтын талаар хэлэхдээ, ирэх 100 жилийг аврахад бидэнд ердөө 100 гаруйхан хоног үлдээд байна гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.