Тамирчид яагаад медалиа хаздаг вэ?
Эрт дээр үеэс алтыг цэвэр эсэхийг нь шалгахын тулд хаздаг байсан түүхтэй. Зөөлөн металл учир шүдний мөр үлдэхгүй бол хуурамч гэж мэддэг байж.
Харин орчин цагт медалийг ингэж шалгах нь тэнэг хэрэг. Олимпын алтан медалийг цэвэр алтаар хийдэггүйг хүн бүр мэдэх болжээ. Алтан медалийн 93 хувь нь мөнгө, зургаан хувьд хүрэл, зөвхөн нэг хувь нь алт байдаг байна.
Зөвхөн 1904, 1908, 1912 оны олимпод цэвэр алтан медаль хүртээж байжээ. Гэхдээ тэр үед медалийн хэмжээ жижиг байж.
Хамгийн анх
1991 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Их Британийн гүйлтийн тамирчид шагналын тавцанд гарах мөчид гэрэл зурагчид ямар нэгэн өвөрмөц үйлдэл хийхийг хүсжээ. Тамирчид медалиа анх удаа хазаж, даалгаврыг онц сайн гүйцэтгэснээр энэхүү уламжлал анх тогтсон байна.
Утга учир
Энэ ёслол аваргуудыг мөнхлөх гэсэн зөвхөн гэрэл зурагчдын хамгийн дуртай “поз”. Мөн өрсөлдөгчөөсөө медалийг “шүдээрээ зууж” булаасан гэсэн тогтсон хэллэг ч бий.
Зөвхөн медалийг хаздаг уу?
Медалиас гадна цом хазах дуртай тамирчид бас бий. Испанийн алдарт теннисчин Рафаэл Надаль камеруудын өмнө цомоо хазаж байв. Анх тоглоом болгож хийсэн энэ үйлдэл хожим нь Рафаэлийн нэрийн хуудас болжээ.
Шүд гэмтэж байсан уу?
Тэгэлгүй яахав. Германы чаргачин Давид Меллер 2010 оны Ванкуверын Олимпын наадамд мөнгөн медаль хүртсэндээ баярлаж, 20 орчим удаа медалиа “амталсан” тухай өөрөө дурсжээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга тэрбээр эцэстээ соёо шүдээ гэмтээсэн байна. Шүд нь эмтэрсэн тул нуухын тулд амаа хааж, инээмсэглэж байсан тухай Меллер дурссан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.