Япон, ОХУ найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов
Япон, ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Ийнхүү талууд Оросын хяналтад байдаг, Японы нэхэмжилдэг дөрвөн арлуудтай холбоотой нутаг дэвсгэрийн асуудал, тэдгээр арлуудад хэрэгжүүлэх эдийн засгийн хамтарсан ажиллагаа зэргийг талаар хэлэлцэх ажээ.
Японы Гадаад хэргийн дэд сайд Ямада Шигэо, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар даваа гарагт утсаар ярих үеэрээ ийнхүү тохиролцсон байна. Хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нар сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа утсаар ярьсан нь энэ юм.
Найрамдлын хэлэлцээ одоогоор зогсонги байдалд ороод байгаа бөгөөд Япон улсын хувьд тэдгээр арлыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг хэмээн үзсэн хэвээр байна. Тодруулбал, арлуудыг Дэлхийн II дайны дараа хууль бусаар эзлэн авсан хэмээн мэдэгддэг.
Даваа гарагт Я.Шигэо, И.Моргулов нар харилцан хүлээн зөвшөөрөх шийдэл олж, арлуудад эдийн засгийн хамтарсан ажиллагаа явуулах чиглэлд ажиллах хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Мөн талууд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины өнгөрсөн сард арлуудын нэг болох Эторофүд хийсэн айлчлалын талаар хэлэлцсэн байна. Я.Шигэогийн хувьд уг айлчлалыг хүлээн зөвшөөршгүй гэж үзэж байгаа Японы байр суурийг дахин нотолсон бол И.Моргулов ч мөн айлчлалын талаарх ОХУ-ын байр суурийг тайлбарлажээ.
Харин тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайдын гаргасан дөрвөн аралд татваргүй бүс байгуулах тухай саналын талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.