Ашраф Гани: Би машин дүүрэн мөнгө авч зугтаагүй
АНУ-ын дэмжлэгтэй байгуулсан Афганистаны засгийн газрын Ерөнхийлөгч асан Ашраф Гани талибуудыг нийслэл Кабул хотод нэвтэрмэгц нэн даруй огцорч байгаагаа зарлан эх орноосоо дүрвэсэн билээ. Түүнээс хойш Кабул хотын олон мянган иргэн дүрвэхийн тулд амь наана, там цаана тэмцэлдэж, АНУ-ын цэргийн онгоцны даац хэтэртэл чихэж, амиа үл хайрлан онгоцноос зүүгдэж, нислэг дундуур унаж буй. Түүнчлэн зарим эх сурвалж Ашраф Ганиг зугтаахдаа дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгө, маш их эд хөрөнгө авч явсан бөгөөд онгоцны даац хэтэрсэн тул аргагүйн эрхэнд зарим юмаа нисэх буудлын зам дээр хаясан хэмээн мэдээлж байна.
Тэгвэл Ашраф Гани Арабын нэгдсэн Эмират улсад очжээ. Хэсэг хугацаанд сураггүй байсан тэрбээр дахин олны өмнө ийнхүү гарч, байр сууриа илэрхийлэхдээ их хэмжээний бэлэн мөнгөтэй зугтсанаа үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дүрвэсэн түүний чухам хаана байгаа нь өчигдөр/2021.8.18/ хүртэл нууц байлаа. Эцэст нь Арабын нэгдсэн Эмират улс Ерөнхийлөгч асан Ашраф Гани болон түүний гэр бүлийг хүлээн авч, аюулгүй газарт байлгаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
Ганиг эх орноосоо дүрвэсэн тухай хэд хэдэн эх сурвалж, дипломатч нар олон янзын түүх ярьж буй. Жишээлбэл, Афганаас Тажикистанд суугаа элчин сайд түүнийг зугтахдаа 169 сая ам.доллар бэлнээр авч явсан хэмээсэн аж.
Харин 10 минут үргэлжлэх тайлбар бичлэгтээ Гани дээрх яриаг ор үндэсгүй худлаа хэмээн үгүйсгэж, өөрийнхөө дүрвэснийг цус урсгасан тулаан, асар ноцтой гамшгийн үйл явдлаас сэргийлж, олон хүнийг аварсан үйлдэл хэмээн зөвтгөжээ. Тэрбээр “Би Афганд эргэн очиж, шударга ёс тогтоох хүртлээ амралтгүй хичээх болно” хэмээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.