Эмэгтэйчүүд, охидын эрхтэй холбоотой баталгаа өгөхийг “Талибан”-д уриалжээ.

Эмэгтэйчүүд, охидын эрхтэй холбоотой баталгаа өгөхийг “Талибан”-д уриалжээ.

АНУ, Европын Холбоо /ЕХ/ болон Өрнөдийн 19 улс орон эмэгтэйчүүд, охидын эрхтэй холбоотой баталгаа өгөхийг Афганистаны “Талибан” хөдөлгөөний удирдагчдад лхагва гарагт уриалжээ.

Улс орнууд хамтарсан мэдэгдэлдээ тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэлт, “шилжин суух, оршин суух газраа сонгох эрх чөлөөнд” нь “ихэд санаа зовниж буйгаа” илэрхийлсэн байна.

“Талибан” эмэгтэйчүүдийн эрхийг Исламын хуулийн хүрээнд хүндэтгэнэ гэдгээ амласнаас нэг хоногийн дараа АНУ-ын Төрийн департамент энэхүү мэдэгдлийг гаргажээ.

Ингэснээр талибууд эмэгтэйчүүдэд дайны өмнөх үеийнх шигээ хатуу хязгаарлалтуудыг тогтоох вий гэдэгт санаа зовнихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж буй бололтой байна.

“Афган эмэгтэйчүүд, охид, мөн бүх афган иргэн аюулгүй, нэр төртэй амьдрах эрхтэй. Иймд аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд тэдний дуу хоолойг сонсохын тулд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж уг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Мөн тэдгээр улс орон “өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистан дахь эмэгтэйчүүд, охидын амьдралын салшгүй хэсэг нь болсон эрх, эрх чөлөөг ирээдүйн Засгийн газар хэрхэн баталгаажуулахыг нягт ажиглах болно” гэдгээ мэдэгдсэн байна.

“Талибан”-ы шинэ Засгийн газар 1996-2001 онд эрх барьж байсан засаг захиргаанаас “эерэгээр” ялгарах болно” гэж уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. Тухайн үед охидыг сургуульд сурах, эмэгтэйчүүдийг эрчүүдтэй хамт ажиллахыг хориглож байсан юм.

“Талибан”-ы удирдагчид “Исламын хуулийн хэм хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдэд ажил эрхлэхийг зөвшөөрөх амлалт өгсөн” гэж С.Мужахид хэлсэн боловч түүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.