АНУ-ын сенатор АНУ Тайваньд 30 мянган цэрэг байрлуулсан тухай мэдээлжээ
АНУ -ын ахмад Сенатор, Тагнуулын хорооны гишүүн асан твиттертээ Вашингтон Тайванийн арал дээр 30 мянган цэрэг байрлуулсан тухай жиргэжээ. Хэрэв энэ жиргээ үнэн бол энэ нь АНУ Хятадад дайн зарласантай адил юм. Гэхдээ АНУ -ын Сенатор асны мэдээлэл худлаа байж магадгүй гэнэ. Учир нь, 30 мянган цэрэг гэдэг бол бага тоо биш юм. АНУ -ын Сенатор Жон Корнин Өмнөд Солонгос, Герман, Япон, Хятадын Тайвань, Африк тивд байрлаж буй Америкийн цэргийн тоог харуулжээ. Энэ үеэрээ тэрбээр Тайвань арал дээр АНУ -ын 30 мянган цэрэг байгаа гэсэн цочирдмоор мэдээлэл дэлгэсэн аж.
Сенатор болон АНУ -ын Засгийн газрын аль аль нь жиргээнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин Тайванийн Батлан хамгаалах яамнаас мягмар гарагт уг мэдээлэл худлаа гэж мэдэгджээ. Харин шинжээчид Техасын ахмад Сенатор, Тагнуулын хорооны гишүүн байсан Корнин АНУ -ын Засгийн газрын тэртусмаа цэргийн талаар мэдээлэлтэй байж магадгүй гэж үзэж байна. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Ли Хайдоун мягмар гарагт Глобал Таймст өгсөн ярилцлагадаа “АНУ -ын зарим сенаторууд улс төрийн карьераа дээшлүүлэхийн тулд заримдаа хийсвэр мэдээлэл гаргадгийг бид мэднэ. Энэ удаагийнх баримтын алдаа байсан уу эсвэл албаар худлаа мэдээлэл тараасан уу гэдгийг мэдэхгүй ч АНУ-ын улстөрч улс төрийн мэдрэмжгүй, олон нийтийн сүлжээнд хариуцлагагүй хандаж байна” хэмээжээ.
Хятадын цэргийн шинжээч Сон Жунпин мягмар гарагт Глобал Таймс сонинд өгсөн ярилцлагадаа "АНУ Тайванийн арал дээр 30 мянган цэрэг болон техник хэрэгслийг нууцаар байрлуулах боломжгүй. Вашингтон ийм эрсдэл гаргахгүй. Гэхдээ Тайванийн хоолойд цэргийн мөргөлдөөн гарвал АНУ ийм хэмжээний цэрэг илгээхийг үгүйсгэхгүй. АНУ өөрийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхийн тулд холбоотнуудаа золиослохыг илүүд үздэг болохыг Афганистан, Вьетнам, Ирак, Сирийн жишээнээс харж болно” гэжээ.
АНУ -ын Засгийн газар болон Тайванийн эрх баригчид Корнын жиргээг тодруулах ёстой гэж Хятадын шинжээчид үзэж байна. Хэрэв АНУ үнэхээр Тайваньд цэргүүдээ байрлуулсан бол энэ нь ноцтой асуудал гэдгийг шинжээчид тодотгож байгаа юм. Түүнчлэн АНУ-ын цэргүүд үнэхээр Тайваньд байрлаж байгаа бол нэн даруй, болзолгүйгээр гарах ёстой бөгөөд АНУ -ын Засгийн газар болон Тайваны эрх баригчид үүнийхээ төлөө олон нийтээс уучлалт гуйх ёстой гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээ мэдэгджээ. Тус улсын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны ажиллагааны командлалын албан ёсны төлөөлөгч Ши И цэргийн сургуулилалтыг Тайванийн засаг захиргаа болон Вашингтоны өдөөн хатгасан үйлдлийн хариуд хийж байгаа тухай мэдээлжээ. Уг сургуулилалтад оролцох байлдааны хөлөг болон нисэх онгоцууд, сөнөөгчдийг мягмар гарагт Тайвань руу илгээжээ.
Ши Игийн мэдэгдсэнээр, сүүлийн үед АНУ, Тайвань аль аль нь удаа дараа өдөөн хатгасан үйлдэл хийж, Хятадын бүрэн эрхэд халдсаны зэрэгцээ Тайванийн хоолойн энхтайван, тогтвортой байдлыг алдагдуулсан байна. Ши И “Энэхүү сургуулалилт нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийн явуулж буй өдөөн хатгалга, гаднын хөндлөнгийн оролцоонд өгч буй хатуу бөгөөд шударга хариу үйлдэл юм” гэсэн байна. Наймдугаар сарын 11-нд АНУ, Тайванийн төлөөлөгч нар Далайн эргүүлийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн дагуу хамтарсан уулзалт хийсэн билээ. Уг санамж бичигт гуравдугаар сард гарын үсэг зурсан юм. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчийн статус авахад Тайваньд АНУ-ын Төрийн Департаментаас дэмжлэг үзүүлэх талаар заасан хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим наймдугаар сарын 6-нд баталжээ. Вашингтон Тайбэйг чуулганд урихыг идэвхтэй дэмжиж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.