БНСУ-д халдварын 10 шинэ тохиолдол тутмын нэг нь гадаадын иргэн байна
БНСУ-д өнгөрсөн хоёр долоо хоногт илэрсэн коронавирусний халдварын 10 шинэ тохиолдол тутмын нэг гаруй нь гадаадын иргэн байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлэв.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, наймдугаар сарын 1-14-нд БНСУ-д оршин сууж буй 1379 гадаад иргэний шинжилгээний хариу эерэг гарсан нь нийт шинэ тохиолдлын 11.1 хувьтай тэнцжээ.
Энэ нь улсын хэмжээнд оршин сууж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт болох 3.8 хувиас хавьгүй өндөр байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.
“COVID-19”-ийн шинэ тохиолдлуудад гадаадын иргэдийн эзлэх хувь тавдугаар сарын эхэн үед 7.7 хувьд хүрснээсээ хойш аажмаар нэмэгдэж, долоодугаар сарын эхээр 8.8 хувьд хүрээд байв.
Шинжилгээний хариу нь эерэг гарсан 1379 хүний 959 нь Сөүл хотын бүс буюу Сөүл, Инчеон хот, Гёнги мужид, 420 нь бусад нутагт оршин сууж байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Мөн тэдгээр иргэний дийлэнх нь 20, 30-иад насны, Вьетнам, Хятад, Узбекистан, Тайланд зэрэг Азийн орнуудын иргэд байгааг уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 2152 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.