Коронавирусийн халдвар эрчимжсэний улмаас Вьетнамын хамгийн том хотын оршин суугчдыг гэр гэрт нь хорихоор боллоо,
Вьетнамын хамгийн том хот Хо Ши Минд коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул хөл хорионы хамгийн хатуу дэглэмийг тогтоохоор болсныг Баасан гарагт зарлажээ.
Есөн сая оршин суугчтай, улсынхаа санхүүгийн төв болдог тус хотод сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол, нас баралт эрчимтэй нэмэгдэж байгаа. “Иргэдийг гэрээс нь гаргахгүй байхаар хөл хориог тогтоож байна. Айл өрх, байгууллага, үйлдвэр бүр тусгаарлах шугамтай болж байгаа” гэж Хо Ши Мин хотын цар тахалтай тэмцэх хорооны дэд дарга Пам Дук Хай өчигдөр мэдэгджээ.
Иргэдийн хоол хүнсийг гэр гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон байна. Хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд Вьетнамын армийн алба хаагчдыг дайчлахаар болжээ. Үүнээс гадна нийслэл Ханойд тогтоосон хорио цээрийн дэглэмийг 15 өдрөөр сунгах шийдвэрийг Вьетнамын эрх баригчид өчигдөр гаргасан байна.
Энэ оны тавдугаар сарыг хүртэл Вьетнам улс цар тахлыг хамгийн амжилттай хязгаарласан дэлхийн цөөхөн улсуудын нэгт тооцогддог байв. Тавдугаар сарын 1-ний байдлаар тус улсад ердөө 2,900 халдварын тохиолдол бүртгэгдэж, 35 хүн нас бараад байжээ. Гэвч өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд халдварын тохиолдол 322,000, нас баралт 7,540 болж нэмэгдсэн юм. Нийт халдварын тохиолдлын тал нь, нас баралтын 80 хувь нь Хо Ши Мин хотод оногдож байгаа.
Хо Ши Мин хотын оршин суугчдын тал орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагджээ. Хөл хорионы хатуу дэглэмийн 15 хоногийн хугацаанд тус хотын оршин суугчдыг шинжилгээ оношилгоонд бөөнөөр хамруулахаар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.