Сирийн Ерөнхийлөгч Басар Асад Москвад гэнэтийн айлчлал хийжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Сирийн төрийн тэргүүн Башар Асад нар Москвад уулзлаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар Кремльд хэлэлцээ хийсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Москвад гэнэтийн айлчлал хийжээ.
“Таныг Москвад дахин угтан авч байгаадаа маш их баяртай байна. Юуны өмнө танд саяхан болж өнгөрсөн төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж В.Путин уулзалтын эхэнд хэлсэн байна.
Оросын удирдагч мөн Сирийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар санал бодлоо илэрхийлжээ.
“Өмнөх жилүүдийн бүх бэрхшээл, эмгэнэлт явдлыг үл харгалзан хүмүүс танд итгэж, хэвийн амьдралдаа эргэн орох үйл явцыг тантай холбож байгаа нь сонгуулийн үр дүнгээс харагдаж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Үүнээс гадна, В.Путин Сирийн Ерөнхийлөгчийг сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж эхэлснийг сайшаажээ.
“Та энэ бүхний төлөө, тэр дундаа улс төрийн өрсөлдөгчидтэйгөө яриа хэлэлцээ эхлүүлэхийн тулд маш их зүйлийг хийж байгааг мэдэж байгаа. Энэ үйл явц үргэлжилнэ гэж үнэхээр найдаж байна" гэж Оросын Ерөнхийлөгч хэлэв.
Тэрбээр Гадаадын зэвсэгт хүчин Сири улсад хууль бусаар байрлаж байгаа нь дотоодын зөрчилдөөнийг зохицуулахад саад болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн зэвсэгт этгээдүүд Сирид үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад анхаарал хандуулжээ.
“Харамсалтай нь Сирийн нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хяналтдаа байлгаад зогсохгүй энгийн иргэдэд аюул учруулсаар байгаа террористуудын эсэргүүцлийн голомт хэвээр байсаар байна. Гэсэн хэдий ч дүрвэгсэд чөлөөлөгдсөн бүс нутгууд руу буцсаар байна. Таны урилгаар тантай уулзах үеэр хүмүүс гэр орноо хэрхэн сэргээн босгож, амар амгалан амьдралд бүрэн утгаараа эргэж орохыг хичээж байгааг би нүдээрээ харсан" гэж Оросын Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.
Сирийн Ерөнхийлөгч Басар Асад хариуд нь хоёр улсын хамтын хүчин чармайлтаар терроризмтой хийж буй тэмцэлд амжилтад хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
“Манай хоёр улсын арми зэвсэгт бүлэглэлүүдэд эзлэгдсэн газар нутгийг чөлөөлөхөд төдийгүй терроризмыг устгах, гэр орноо орхин, эх орноосоо явахаас өөр аргагүйд хүрсэн дүрвэгсдийг буцаж ирэхэд ихээхэн үр дүнд хүрсэн” гэж Сирийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч хамтын хүчин чармайлтаар Сирийн ард түмэнд "хөл дээрээ босоход" тусалж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
В.Путиний мэдэгдсэнээр, Сирийн Засгийн газар нутаг дэвсгэрийнхээ 90 хувьд хяналтаа тогтоожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.