Дельта хувилбараас хамгаалах шинэ арга гараагүй

Дельта хувилбараас хамгаалах шинэ арга гараагүй

 “КОВИД-19”-ийн альфа хувилбараас дельта хувилбарын тархах чадвар хэд дахин их байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Гэхдээ дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй. Урьдын адил амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсад нийт халдварын дийлэнх хувийг эзэлж байна. Дельта хувилбарын эсэд нэвтрэх үржих чадвар, эс дотор орж өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн. Энэ хувилбараар вакцины бүрэн тунтай хүмүүс ч өвдөх эрсдэл өндөр байгаа нь халдварлах чадвартай нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, халдвар тараагчид маш их вирусийг агаарт цацаж байгаа нь хэнийг ч халдвар авч, өвчлүүлэх эрсдэлийг үүсгэж байна.

Дельта хувилбарын халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх нууц хугацаа 48 цаг болж богиноссон, энэ үедээ ч халдвар тараах эрсдэлтэйг судлаачид санууллаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ илүү сайжруулж, чанд мөрдөх хэрэгтэй болж байна. Дэлхийн улс орнууд ийм зөвлөмжийг ард иргэд, албан болон үйлчилгээний байгууллагууддаа өгч, мөрдүүлж байна.

Олон улс орон коронавирусний дельта хувилбараас сэргийлэх шинэ стратегийг боловсруулж, мөрдөж эхэллээ. Тухайлбал:

-       Дархлаажуулаагүй иргэдээ дархлаажуулалтад хамруулах,

-       Вакцинтай иргэдээ хамгаалан, дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамруулах

-    АНУ, Их британи зэрэг улсад хүүхдийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, иргэд гэртээ тест хийхийг урамшуулж, үнэгүй тестээр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Харин манай улсын хувьд Засгийн газраас гуравдугаар тунг иргэдэд санал болгож, он дуусахад зорилтот хүн амынхаа 60 хувийг бүрэн хамруулахаар төлөвлөж байна. Иймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барьж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хичээж, халдвар хамгааллын бусад дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй юм. Энэ дэглэм үйлчилгээний болон бусад байгууллагуудад ч хамаатай.

Коронавирус ганц дельта хувилбараар дуусахгүй, хувьсан өөрчлөгдөж, шинэ хувилбарууд гарч ирж байна. Үүнийг саяхан бүртгэгдсэн MU хувилбар батална. Тиймээс цар тахлын хэдэн ч хувилбар гарсан  айж түгшихгүйгээр амны хаалтаа байнга зүүж, олон хүнтэй газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг дахин сануулж байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/275258

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.